Х.Болормаа 2018.09.23 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгт ажиллалаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгт ажиллалаа

Сүхбаатар дүүрэг БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгтэй эгч дүүсийн найрсаг харилцаатай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Дунчөн дүүрэгт албан томилолтоор ажиллаад ирлээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүргийн Засаг дарга Жън Хүй Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллаж, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон бизнесийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаархоёр дүүрэгхамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Бээжингийн олон улсын Вангфүжингийн брэнд фестивалийн арга хэмжээнд оролцож, хамтын ажиллагаатай хот, дүүргүүдийн хамтарсан уулзалтанд Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн нутаг дэвсгэр дэх соёлын өвийг хадгалах, хамгаалах тухай” сэдвээр илтгэл тавив. Энэ үеэр Дунчөн дүүрэгтэй хамтын ажиллагаатай БНТУ-ын Анкара хотын Канкаяа, ОХУ-ын Москва хотын төвийн дүүрэг, ХБНГУ-ын Берлин хотын Чарлотенбург Вильмерсдорф, Францын Исси Лес Мурино, БНСУ-ын Сөүл хотын Жонно, Сеочо, Малти улсын Мдина, Португаль улсын Оеирас дүүргийн удирдлагууд “Орчин үеийн хот байгуулалт ба соёлын өвийн тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хамтын ажиллагаатай дүүргүүдэд өөрсдийн туршлага, амжилтаасаа хуваалцсан юм.