Техникийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа
2018.09.26

Техникийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг өнөөдөр (2018.09.25) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Винод Кумар Ахужад "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан явдалд талархал илэрхийлэв.

Энэ оны есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд болж өнгөрсөн “Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцох үеэрээ НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Хосе Грациано Да Силватай уулзаж, хамтран ажиллах чиглэлүүдээ тохирсон байдаг. 2010 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны тухай гурван талт хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд байгуулсан. Уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр,

“Монгол мал” үндэсний хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хоёр үе шаттайгаар нийт 2.2 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн. Тэгвэл дээр дурдсан чуулга уулзалтын үеэр хөтөлбөрийн гурван дахь үе шатны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар санал солилцжээ. Тиймээс өнөөдрийн уулзалтаар уг хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгох талаар талууд ярилцлаа.