"Монгол эм импэкс концерн"-ыг Нийслэлийн дээд шагнал "Хангарьд" одонгоор шагналаа
2018.09.28

"Монгол эм импэкс концерн"-ыг Нийслэлийн дээд шагнал "Хангарьд" одонгоор шагналаа

Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг одонгоор шагнадаг уламжлалтай. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 26-ны өдөр хуралдаж, Улаанбаатарын оршин суугчид төдийгүй монголын ард түмний эрүүл мэндийн "манаанд" 95 жил зогсож буй "Монгол эм импэкс концерн"-ыг уг одонгоор шагнах тогтоол гаргасан юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр болж буй тус байгууллагын 95 жилийн ойн арга хэмжээний үеэр гардууллаа. Тэрбээр "95 жилийнхээ ойг ажил, хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж буй та бүхэнд баярын мэнд дэвшүүлье. "Монгол эм импэкс концерн"-ы түүх бол Монгол Улсын хөгжлийн, монголын хүн амын үнэ цэнийг бий болгосон түүх юм. Тиймээс хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, цаашдын ажилд нь урам зориг өгөх нь зүйтэй гээд уг одонгоор шагнаж байгаа юм. Хүн амын эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, дэлхийн 40 гаруй орны 80-аад компанитай хамтран үйл ажиллагаа явуулж, эрүүл Монгол хүнийг бий болгох ажлаа нэр төртэй гүйцэтгэсэн. Эрүүл Монгол хүн бол улс орны үнэт зүйл. Тэгэхээр ард иргэд нь эрүүл байж гэмээнэ улс хөгжинө. Ирээдүйн үнэ цэнэтэй иргэн, үр хойчийг бий болгох үйлс тань үргэлж өөдөө байх болтугай" гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, 1923 онд Д.Сүхбаатар жанжны даалгавраар Цэргийн төв эмнэлгийн дэргэд Улсын эмийн сан байгуулсан нь өнөөгийн "Монгол эм эмпэкс концерн"-ы суурь болжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ