У.Хүрэлсүх 2018.10.01 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

У.Хүрэлсүх: Монголчууд зовлон тохиолдсон ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг

У.Хүрэлсүх: Монголчууд зовлон тохиолдсон ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Ингээд түүний хэлсэн онцлох үгнээс хүргэе.

Дэлхий ертөнц ийнхүү хөгжиж байгаа хэдий ч зөрчил тэмцэл, өлсгөлөн ядуурал, тэгш бус байдал зэрэг олон асуудал, зовлон бэрхшээл бидэнд тулгарсаар байна.

-Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн.

-Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчууд хэлцдэг.

-Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.

– НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн албан хаагчид 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна.

-Монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.

-Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой Зүүн Хойд Азийн асуудал нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн.

-Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн.

-2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.

-Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг гэж монголчууд хэлдэг.

-Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.

-Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм.

-Тэртээ 812 жилийн өмнө байгуулагдсан Их Монгол улсад хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг, христ, лал, күнз, буддын сургаалтнууд тэгш эрхтэй, үзэл суртлын дайнгүй зэрэгцэн оршдог байжээ.

-Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм.

-Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бусад бодлого, баримт бичгүүдтэй уялдуулж, богино, дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрт хуваан үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.

– Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь дэлхийн бүх улс үндэстнүүд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү хурц мэдрэгдэж эхлээд байна

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.

-Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.

-Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр бөгөөд 2018 оны улсын төсвийн хоёр дахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.

-Энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн асуудлын зэрэгцээ өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа бас нэг том сорилт  бол уур амьсгалын өөрчлөлт билээ.

-Дэлхийн улс үндэстнүүд бүгдээрээ нэг итгэлцэл дор нэгдмэл байж, одоо болон ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна.