Ч.Улаан 2018.10.01 | Үндэсний Шуудан

Ч.Улаан: Монголын нийгэмд бүхэлдээ задрал руу явж байна

Ч.Улаан: Монголын нийгэмд бүхэлдээ задрал руу явж байна

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол төсөв. Таны хувьд энэ жилийн төсөв дээр юуг илүү анхаарах хэрэгтэй гэж харж байна вэ. Тэр тусмаа сонгуулийн өмнөх жилийн төсвийг хэлэлцэнэ. Үүнийг тодотгоод байгаа учир бол өмнө нь бүсээ чангалах тухай ярьдаг байсан бол одоо улстөрчид “хайраа үзүүлэх” төсөв болно гэсэн хүлээлт байна?

-Намрын чуулганаар хэлэлцдэг байнгын асуудал бол ерөөсөө л эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, ирэх оны төсөв, төрийн мөнгөний бодлого. Энэ бол байнгын ажиллагаатай парламентын онцлог. Ирэх оны төсөв нэлээд онцлогтой гэж би бодоод байгаа юм. Ер нь 2019 он өөрөө онцлогтой. Нэгдүгээрт, бид чинь ОУВС-тай хамтарсан гурван жилийн дотор эдийн засгийнхаа хямралыг давж туулаад, эдийн засгийн өсөлт бий болгоно гэсэн хөтөлбөртэй явж байгаа улс шүү дээ. 2019 он дуусаад 2020 он эхлэхэд бид эдийн засгийн хямралын тухай мартах ёстой. Мөн өөр нэг онцлог бий.

Тэр нь татварын хуулиудын шинэч­лэл. Энэ бодлогын өөрчлөлтийг тусгасан он болох ёстой. Тийм учраас 2019 он бол эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт хийх болон Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн үр дүнг бүрэн дүүрэн хүртэх эсэхийг шийдэх барианы он болно гэж харж байгаа.  Нэг үгээр хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ Монгол Улс хариуцлагатай биелүүлэх жил юм. Хэрвээ хөтөлбөрөөсөө ухарч няцаж, дундаас нь эргэлзсэн тээнэгэлзсэн алхам хийгээд үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол үр дүнгээ үзэх хугацаа хойшилно. Эдийн засгийн хямрал үргэлжилнэ, өрийн дарамт нэмэгдэнэ.

Нөгөө талаар бас эрсдэлтэй он. Хайраа үзүүлээсэй гэж улсууд хүсч байгаа гэж өөрөө хэллээ шүү дээ. Хайраа үзүүлээд эдийн засгийн бодлогоо алдах юм бол бид хөтөлбөрөө алдаад,  нураагаад хямралаас гарах боломжгүй болно гэсэн үг. Дүгнэхэд, эрсдэл нэгдүгээрт хайраа зарлах эсэхэд байна. Хоёрдугаарт, нийгмийн шахалт дарамт байна. Цалин нэм гэх мэт. Хэрэв цалингаа нэмчихвэл бас л хөтөлбөр болохоо байна. Тийм учраас хөтөлбөр, хэрэгцээ шаардлага, дарамт зэргийг зөв зохицуулсан бодлого гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, бүх юмаа тавьж туугаад хайр зарлаад явах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр 2019 он бол хайр зарлах он биш.

-Эрх баригчдын хувьд энэ жил л бүтээн байгуулалтаа явуулахгүй бол сонгуулийн жил хайчлах туузгүй болох юм биш үү. Мөн үйлдвэрчний эвлэлийнхэнтэй ирэх жил төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тохироод ажил хаялтыг нь болиулчихаад байгаа?

-Асуудлыг бололцооныхоо хэмжээнд шийдэх ёстой. Түүнийг шийдэх арга замаа олох ёстой. Манайхан “Хонь бүрэн, чоно цатгалан” гэж ярьдаг даа. Тийм хувилбарыг олох ёстой. ОУВС-гийн хөтөлбөрөө эвдэж болохгүй. Ингэвэл Монгол Улс гэрээ нураана гэсэн үг. Дотор нь байгаа үр хүүхдүүдээ бас өлсгөж дааруулж болохгүй. Наад захын хэрэгцээг нь хангаад аваад явах ёстой. Энэ бодлогыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг дээр л Засгийн газрын ур чадвар, ухаан илэрнэ.  Яаж оруулж ирэхийг нь ирснийх нь дараа шүүнэ шүү дээ. Гэхдээ ирэх жилийн төсөвт яах аргагүй хэд хэдэн эрсдэл байна.

-Цалин нэмэх гэх мэт үү?

-Цалин нэмэх тухай асуудал бол үзэгдэл юм. Бодлогоор нь аваад үзэх юм бол олон улсын хөтөлбөр хэрэгжүүлээд эхний жилийн жаахан нааштай бий болж байгаа хандлагад сэтгэл ханаад идэвхгүй байр сууринд шилжих нэг аюул байна. Валютын нөөц нэмэгдлээ, эдийн засаг 6.3 хувиар өслөө гээд л бүх зүйл сайхан байгаа юм шиг магтаад байна шүү дээ. Гэтэл цаана нь валютын ханш өсөөд байгаа асуудал бий. Тэгэхээр ингэж бий болсон нөхцөл байдалд хэт тайвширч, эсвэл хэт дөвийлгөн магтах нь  эрсдэлтэй. Үүгээрээ нөөцтэй, асуудал шийдэх боломжтой гэсэн дохиог нийгэмд өгөөд байгаа юм. Тийм учраас цалин нэмээд өгөөч, та нарт бололцоо байна гэсэн асуудал тавьж байна. Тэгэхээр нөхцөл байдлаа бодитой үнэлэх ёстой. Ер нь хэрэгцээ шаардлага үргэлж л байдаг. Харин хэрэгцээ шаардлагад шахагдаж бодлогогүй алхам хийх нь эрсдэлтэй. Ажил хаялтыг л зогсоовол юу гэж амлах нь хамаагүй гэж хандвал осолтой гэсэн үг. Тэгэхээр бодитой бий болж байгаа боломж, өсөлт, хөрөнгө мөнгөнийхөө боломжид тааруулж, хэнийхээ цалин тэтгэврийг хэзээнээс яаж нэмэх вэ гэдгээ Засгийн газар маш тодорхой бодлогоор томъёолж тэнцвэрийг нь хангасан төсөл оруулж ирэх ёстой.  Энэ бүгдийг бид тал талаас нь анхаарна л даа. Гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ гэж давхих учиргүй. Хуулиа мөрдөөд зайлшгүй шаардлагатай, бэлтгэл нь хангагдсан, зураг төсөл нь бий болсныгоо л тусгаж болно. Түүнээс зүгээр ийм тийм юм хэрэгтэй гээд баахан обьект оруулчихдаг явдал бий. Тэр нь хэрэгжихгүй юм байна шүү дээ. Энэ жил хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн явц туйлын хангалтгүй, удаашралтай байгаа. Тийм учраас ирэх онд шинээр олон обьект эхлэхгүй болов уу. сонгуулийн жил хөрөнгө оруулалт нь хоёр дахин нэмэгддэг жишиг 2012, 2016 онд гарсан. Ийм гажуудал гаргахгүй л байх ёстой.

-Та Сангийн сайдаар цөөнгүй удаа ажилласан хүн. Бодлого зарчмын хувьд болохгүй, ухралт шүү гэж бодсон ч яг эрх мэдэл атгаад сууж байхад яалт ч үгүй шахуулдаг юм биш үү?

-Шахуулна шүү дээ. Гэхдээ ямар боломж, шийдэх арга зам байна гэдгээ тодорхойлж ойлголцох нь чухал. Шахалт бол үргэлж байдаг. Түүнийг ойлголцож гарах ёстой. Ойлголцохын тулд хэн, хэн нь итгэл үнэмшилтэй, тооцоо судалгаатай байх учиртай. Ний нуугүй хэлэхэд одоогоос хэдэн жилийн өмнөх хүмүүсийн асуудалд хандах хандлага, хариуцлагатай, ойлголцох төвшин өндөр байсан. Одоо тэр чадвар нэлээд буурчихаж дээ гэж хардаг. Нэг л муйхраар шантаажлаад янз бүрээр шахаад байдаг. Нөгөө тал нь ч гэсэн асуудлаа олигтой итгэл үнэмшил болохоор ярьж танилцуулж чаддаггүй, тал засаад, ээлж өнгөрөөгөөд байдаг ийм явдал газар аваад байна. Ер нь нийгмийн ойлголцох чадвар муудсан. Төрийн асуудалд хандах, асуудлаа шийдэх, ард түмэндээ ойлгуулах, ойлголцох чадвар муудаж байна. Төрийн албаны чадамж доройтож байгаа юм.

-Юутай холбоотой вэ?

-Монголын нийгэм бүхэлдээ задарч, жолоодлогүй болж байна.  Ардчиллын зарчим ноцтой гажуудаж байгаа. Би 1990-ээд онд аспирантурт байлаа. Тэр үед ид өөрчлөлт, шинэчлэл ярьж байсан цаг. Маргарет Тэтчерийн хэлсэн нэг үгийг би ерөөсөө мартдаггүй юм. “Ардчилал гэж юу вэ. Ардчилал гэдэг бол сахилга, хариуцлага, зохион байгуулалт юм” гэж хэлсэн. Тэгэхээр манайд сахилга, хариуцлага, зохион байгуулалт алга. Бүхэлдээ Монголын нийгэм задрал руу явж байна. Ардчиллын гажуудал энэ. Үүнээс болоод хүмүүс ойлголцох чадвар нь муудаж, их ямаан омогтой болж байна. Ер нь цөвүүн цаг гэж бурхны номонд хэлдэг юм. 

-Ярилцлагаа сүүлийн үеийн зарим үйл явдал руу чиглүүлье. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд зээлийн баталгаа гаргасан асуудал дахиад олны анхааралд орлоо. Өр төлөх нь гарцаагүй ч юм шиг, төлөхгүй ч юм шиг яриа гарах юм?

-Яаж шийдэхийг би ч сайн мэдэхгүй байна. Надад байгаа мэдээллээр бол Монголын тал ийм хэмжээний төлбөр ялбарт унах учиргүй. Яагаад гэвэл тэр баримт бичгүүдийг хуурамчаар гаргасан гэдэг нь шат шатандаа нотлогдсон байдаг. Монголын тал мэдээ, мэдээллээ хуулийн дагуу үнэн зөв шуурхай өгөөд явсан бол бид яагаад ч ийм зүйлд унахгүй байсан гэж бодож байгаа. Гэтэл ийм юманд уначихаад байна гэхээр үүнийг нэлээд ул суурьтай үзэх ёстой байх. Ер нь санаатайгаар өр төлбөр төлөх гээд байгаа юм биш биз дээ гэж би эргэлздэг юм.

-Засгийн газар бонд зээлийн 5.6 их наядын өр дарлаа гэж мэдээлсэн. АН-ынхан болохоор “Ямар ч өр дарсан зүйл байхгүй, шоудлаа” гэх юм. Та эдийн засагч, Сангийн сайдаар олон удаа ажиллаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Амьдрал үнэний хэмжүүр гэдэг. Зүгээр бодоод үз. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улс өртэй байна, үүнийгээ төлж чадахгүй бол дампуурлаа зарлана гээд дэлхийн сонин хэвлэлээр бичиж байлаа. Хөрөнгө оруулалтын банкны зээл, Чингис бондын эхний төлбөрүүд 2017, 2018 онд хийгдэнэ, үүнийгээ хийж чадахгүй болно гэж байсан даа. Тэгээд одоо дампуурах уу, яах уу гэж байсан цаг үе бий дээ. Одоо энэ яриа байхгүй болчихсон байна.

-ОУВС-гийн хөтөлбөр авчихсантай холбоотой.

-Хөтөлбөр авчихсан. Тэгэхээр тэр өрийг шийд­чихсэн байх нь байна шүү дээ.

-Өөр газраас зээлээд өмнөх өрөө дарчихаар өр дарагдсан гэж ойлгож болох уу?

-Нэг газраас зээлээд нөгөө газрын өрийг дарсан. Энэ үнэн. Эдийн засагт тийм үйл явдал байдаг л даа. Илүү үр өгөөжтэй, хямд, урт хугацаатай зээлээр орлуулан төлж болно. Үүнийг бол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохироод нөгөө хөрөнгө өгдөг тал нь ч хөрөнгө өгөөд зээлээ дараад явж байгаа болохоор зээлийн дарамт арилсан байна. Тэгэхээр энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн гэж ойлгох хэрэгтэй. Бүр дараад огт өргүй болчихсон гэж худлаа магтаад хэрэггүй. Энэ бол хугацааг нь хойшлуулсан, хүүг нь багасгасан зүйтэй алхам. Ер нь дэлхийн эдийн засаг чинь өөрөө зээл дээр тогтдог шүү дээ. Хэн нэг нь хөрөнгө мөнгө бололцоотой байхад нөгөөд нь дутагдаж байдаг. Тэр хоёр хамтран ажиллаад нэгнийхээ дутууг нөхөөд харилцан ашиг хүртээд явж байгаа үед л хөгжиж дэвждэг. Бүх л хөгжсөн улс орон тийм замаар явсан. Өнөөдөр хамгийн их өртэй улс Америк, Япон хоёр шүү дээ. Ийм болохоор зээлийг үр ашигтайгаар ашиглах нь зүйтэй. Эдийн засгийн нэг л механизм байхгүй юу.

-Төв банкнаас валютын нөөц нэмэгдлээ гэдэг. Тэгсэн атлаа ам.долларын ханш өсөөд байгаа. Шатахууны үнэ мөн нэмэгдэж байна. Үүнийг хориглож хязгаарлах арга чарга байхгүй юу. Энэ асуудлууд өнөөдөр иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засгийн үнэлэмжийг унагаж байна шүү дээ?

-Хуучин бид дандаа эдийн засгийн үзүүлэлтээр засаг төрийн ажлыг дүгнэдэг, хөгжлийг хэмждэг байлаа. Нэг үгээр валютын нөөц, эдийн засаг тэдэн хувиар өссөн гэдгээр нь гэсэн үг. Гэтэл амьдрал өөрчлөгдсөөр яваад хүн төрөлхтөн өнөөдөр цоо шинэ эдийн засгийн онол руу орж байгаа. Улс төр эдийн засгийн онол гэдэг чинь байхгүй болоод хөгжлийн эдийн засаг гэдэг маш прагматик онол руу орж байна. Энэ онолын дагуу бол эдийн засгийн хөгжлийг тоон үзүүлэлтээр биш өгөөж хүртээмжээр хэмждэг болж байгаа байхгүй юу. Иргэн надад юу оногдсон юм, ямар асуудал шийдэгдсэн юм. Монгол Улсын эдийн засаг 17 хувь өсч дэлхийд тэргүүлж байсан үе бий. Тэр үед ямар өгөөж гарсан юм гэдгийг хэн ч яриагүй. Тэгээд өнөө тоо байхгүй болж дараа нь өр болсон. Тэгэхээр одоо хөгжлийн эдийн засгийг ард түмэн шаардаад байгаа юм. Бид ч хөгжлийн эдийн засгийн шинжлэх ухааныг илүүтэй судлаад, үзүүлэлтүүдэд нь нийцээд, үйл ажиллагаа шалгуурыг нь тавиад тийшээ орох ёстой. 

-Иргэн бүрт хүрдэг эдийн засаг руу орох ёстой гэж ойлголоо.

-Тийм. Хөгжлийг хүртээм­жээр нь хэмждэг болно гэдэг рүү нийтээрээ явж байна. Иргэдийн бухимдал, дургүйцэл ч ийм хэрэгцээ байна гэдгийн л илрэл. Яагаад валютын нөөц, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байхад ам.долларын ханш буухгүй байгаа юм. Дэлхий дээр нефт бүтээгдэхүүний үнэ буураад, хангамж нь нэмэгдэж байхад Монголд яагаад өсөөд байгаа юм. Үүнийг тогтоох ёстой шүү дээ. Энэ бол дотоодын үйл ажиллагаа, уялдаа зохицуулалттай холбоотой.Бид хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг ил тод авч чадахгүй байна. Зардал чирэгдлийг нь ил тод хянаж чадахгүй байна. Ингээд компаниудын аманд багтаж асуудалд хандаж байгаа. Нефтийн бүтээгдэхүүн борлуулах компанийн нэг захирал гарч ирээд зовлон тоочихоор зэрэг л үнэ өсч байдаг юм шиг ярьж болохгүй шүү дээ. Дэлхий дээр үнэ нь буурч байна. Засаг төр нь татвараа бууруулаад өгч байна. Тэгвэл аж ахуйн нэгжүүд нь яагаад үнээ нэмээд байгаа юм. Яагаад хэт өндөр ашиг хөөцөлдөөд байгаа юм.

-Шатахуун импортлогч компаниуд бол ашиггүй бизнес хийж байна гэдэг юм ярьдаг?

-Бизнес ашиггүй байна гэж байхгүй л дээ. Энд бол ерөөсөө л бидний дотоодын хяналтын систем, бүртгэл тооцоо, зохион байгуулалт муу байгаатай л холбоотой. Бид татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэхийн эсрэг олон улсын байгууллагад элсчихсэн. Олон улсын стандарт шаардлагыг авч хэрэгжүүлэх гэж байна. Энэ дагуу мэдээллээ гаргаад ирэхээр энэ бүх үйл ажиллагаа хумигдана. Хэн хэдий хэмжээний ашиг олж байна гэдэг нь ил тод болно. Тэгэхээр энэ үнэ өртөг бол зүй ёсныхоо голдиролд орно. Одоо банк нь ч, аж ахуйн нэгжүүд ч хэт өндөр ашиг хөөцөлдөж байгаа нь үнэн шүү дээ. Энэ байдлыг бид засах ёстой. Ингэхийн тулд татварын шинэчлэл хийж, олон улсын байгууллагын мэдээ мэдээллийн хяналтын стандартыг авах  нь шийд­вэрлэх ач холбогдолтой. Ер нь бол энэ манайд байгаа гол  гажуудал шүү дээ.

-Хаврын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан тухай хуулийг багц хуулиас нь салгаж буцаасан. Татварын асуудлыг цэгцлэх нь зарим талаар хөрөнгө мөнгөтэй хүмүүст халтай болчихно. Парламентад бизнестэй гишүүд олон бий. Тэгэхээр татварын хуулийн шинэчлэлийг дэмжихгүй байх, элдэв лобби явуулах зэрэг үйлдэл гарах болов уу гэж асууж байгаа хэрэг?

-Энэ бол бидний өөрсдийн бий болгосон гай зовлон. Үүнийгээ засах ёстой. Ер нь бол татварын хуулиуд олон улсын стандартыг аваад хэрэгжүүлээд ирэхээр хоёр чиглэлээр үйлчилнэ. Татварын хуулийн концепц ч тийм байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүддээ чиглэсэн татварын хэмжээг нь багасгах, хүрээг нь тэлэх гээд нэг хэсэг бодлого байгаа. Гол нь бүгдээрээ тэгш шударгаар татвараа төлдөг, тэгээд татвараас зугтдаггүй байх, татварын хэмжээ дарамтыг буулгах л зорилготой. Энэ бол дотоодын аж ахуйн нэгжүүдэд ихээхэн үйлчилнэ. Энэ чиглэл рүү нь Сангийн яам, Татварын газар ажиллаж байгаа. Хоёрдахь чиглэл нь,  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хуулийн нэгж, гэхдээ гаднаас хөрөнгө оруулчихсан үндэстэн дамнасан корпорациудад үйлчилнэ. Би энэ тал руу илүүтэй анхаарч ажиллаж байна. Манай Оюутолгойн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөөх лобби бүлгийн маань байр суурь ч ийм байгаа. Татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэхийн эсрэг механизм бий болгох гээд байна шүү дээ, бид.

-Оюутолгойн үр өгөөжийг нэмэх лобби бүлэг байгуулагдаад нэлээд ху­га­цаа өнгөрсөн байна. Оюутолгойн хө­рөнгө оруулалтын гэрээг шалгах Аж­лын хэсэгтэй хэрхэн хамтарч байна?

-Лобби бүлэг байгуулагдсанаас хойш нэлээд өргөн хэмжээний судалгаа хийж байна. Эрхзүйн бүх акц, гэрээ хэлцлүүд, засаг төрөөс гаргасан бүх тогтоол, шийдвэрийг судалж гишүүд нэгдмэл ойлголттой болсон. Нэг үгээр Оюутолгойн гэрээг шинэчилж, Монголын талд үр өгөөжтэйгөөр шинэчлэлт өөрчлөлт оруулахаас аргагүй юм аа гэдэг байр суурин дээр бид хатуу нэгдсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэгтэй бид хамтарч ажиллаагүй. Яахав, лобби бүлгийн гурван гишүүн Ажлын хэсэг дотор ажиллаж байгаа. Ажлын хэсэг хараахан дүгнэлтээ эцэслэж гаргаагүй байна. Одоо удахгүй Ажлын хэсэг дүгнэлтээ гаргах байх. Ингэсний дараа бид тодорхой асуудлуудаар Ажлын хэсэгтэй хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, байр суурь нэг байгаа нэгдмэл байгаа асуудлуудыг шийдүүлэхийн төлөө нэлээд идэвхтэй ажиллах байр суурьтай байна. Ер нь Ажлын хэсэг бол нэг удаагийн шинжтэй бүтэц шүү дээ. Тодорхой асуудлаар өгөгдсөн удирдамжийн дагуу ажиллаад дүгнэлтээ гаргаад холбогдох байгууллагад нь танилцуулаад Ажлын хэсгийн ажил дуусна. Харин лобби бүлгийг бид байнгын ажиллагаатай механизм болгоно гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, тэгээд ер нь гэрээ хэлцлийг сайжруулах чиглэлээр өөрсдийн судалж тогтоосон, боловсруулсан саналын дагуу бодитой ажил болтол хөөцөлдөнө.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар зарч­мын хувьд санал нэгдсэн талаар та хэллээ. Тухайлбал, ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй юм бол?

-Энэ талаар ярихад бас эрт байна. Ерөнхийдөө бид Хөрөнгө оруулалтын гэрээ, ялангуяа хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг тооцох, харилцан ашигтай тэнцүү байх, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, олон улсын стандарт шаардла­гуу­дад нийцсэн үйл ажиллагаа явуулах асууд­луудаар тодорхой байр суурьтай болсон.

-Таныг саяхан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгуул­лагад нэгдэх асуудлаар гадагшаа яваад ирсэн гэж дуулсан. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын мэдээлэл ил болох юм байна гэсэн л ойлголттой байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ нэлээд урт түүх болно. Савчилгүй системтэй энэ асуудлыг ярих хэрэгтэй байх.

-Та бид хоёрт зай талбай бий.

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр бид хоёр Европын холбоо Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагууд дээр ажиллаад ирлээ. Гол нь татварын асууд­лаар хамтран ажиллах, татварын ил тод байдлыг дээшлүүлэх, тэгээд татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх механизмыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар бид ажилласан. Ер нь энэ асуудал яагаад үүссэн бэ гэдэг асуудлыг нэлээд системтэйгээр уншигчдад хүргэх нь зөв байх л даа. Монгол Улс 2017 оны эхний хагас жилд ОУВС-тай Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр тохирсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хямрал, өрийн дарамтыг гурван жилийн хугацаанд даван туулахаар бодлогоо тодорхойлж, тохиролцож, түүндээ олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг туслалцаа авч ажиллаж байгаа. ОУВС Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд 2017 оны зургадугаар сараас Монгол Улсын татварын орчинд үнэлгээ өгөх, ер нь Монгол Улсын татварыг ил тод шударга болгох санал боловсруулах, өөрөөр хэлбэл, татварын хуулиудыг шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх ийм тодорхой зорилт дээр бид тохирсон. Ингээд Сангийн яаман дээр Татварын хуулиудыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан.

Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим, татвар төлөгчдийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, олон улсын байгууллага, олон улсын зөвлөхүүд оролцсон хөндлөнгийн ажлын хэсэг гаргаад түүнийг УИХ-ын төлөөлөл болгож надаар ахлуулсан юм. Ингээд бид 2017 оны сүүлийн хагаст Монгол Улсын татварын орчинд үнэлгээ өгөх судалгаа хийж байх явцад тэр оны арванхоёрдугаар сарын эхээр Европын холбоо Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулсан. Татварын хар жагсаалт ямар учиртай юм бэ гэдгийг тэр үед манайхан хэр сайн ойлгосон юм гэдгийг би мэдэхгүй. “Хар жагсаалтад орчихлоо, аюул боллоо” гээд манайхан бужигнасан шүү дээ. Миний хувьд магадгүй завшаантай хэрэг болсон гэж бодож байгаа.

-Яагаад?

-Монгол Улс яагаад хар жагсаалтад орсон юм. Монгол Улсад татварын ил тод байдал хангалтгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улс татварынхаа мэдээллийг олон улсын холбогдох байгууллагуудад өгөхгүй, нууж хааж байна. Уг нь бол санаатайгаар нууж хаасан юм байхгүй шүү дээ. Ерөөсөө татварын ил тод боловсронгуй систем байхгүй учраас бид гадагш нь мэдээлэл өгч чаддаггүй. Гадагш нь өгөх битгий хэл дотроо мэдээллээ авч чаддаггүй. Оюутолгойгоос бол бүр юу авахаа ч мэддэггүй, ийм байсан. Дээрээс нь олон улсын байгууллага юу хардаг вэ гэхээр хамтын ажиллагааны гэрээ хэлцэл, ялангуяа давхар татварын хэлэлцээрүүдийн давуу талыг ашиглаад үндэстэн дамнасан корпорациуд тухайн оронд татвараас зайлсхийж байна уу гэдгийг их хянадаг. Тэгэхээр энэ байдал Монгол Улсад бас учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж байна гэдэг үндэслэлээр манайхыг хар жагсаалтад оруулсан юм. Монгол Улс хар жагсаалтад орчихлоо гэдэг нь хүмүүст аймшиг төрүүлсэн болохоос биш яг үнэндээ манай бодит байдлыг зөв үнэлсэн. Манайд татвараас зугтдаг, мэдээллээ нуудаг хаадаг явдал байгаа ш дээ. Жишээ нь, Оюутолгой дээр энэ хамгийн том жишээ.

-Гэхдээ хар жагсаалтад орно гэдэг чинь сөрөг үр дагавартай биз дээ?

-Хар жагсаалтад байгаад байвал бид бас их олон сөрөг үр дагавартай болно л доо. Хамтын ажиллагаа цаашдаа амаргүй байдалд орно. Эргэлзээ тээнэгэлзээ төрнө. Хөрөнгө оруулалт багасна. Харин тэр үед ОУВС-гаас байгуулагдсан ажлын хэсэг энэ хар жагсаалтаас гарахын тулд Монгол Улс олон улсын татвараас зайлсхийхийн эсрэг тэмцдэг байгууллагын гишүүнээр элс, энэ чиглэлийн гэрээ конвенцид нь ор гэдэг зөвлөмж өгсөн. Монгол Улсын Засгийн газар харин энэ асуудалд маш шуурхай хандаж, 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар хуралдаад ерөөсөө Татварын ил тод байдлыг хангая. Татварын мэдээллээ олон улсад ил тод болгоё, харилцдаг болъё, энэ чиглэлээр олон улсын дүрэм, журмуудыг мөрдөе гэдэг шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улс татварынхаа ил тод байдлыг сайжруулах амлалт авсан учраас бид хар жагсаалтаас гарч, саарал жагсаалтад орсон шүү дээ. Яг үнэндээ бидэнд завшаантай хэрэг болсон. Яагаад гэвэл бид олон улсын байгууллагын дүрэм журмыг дотооддоо авч хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ. Ингээд Монгол Улс олон улсын хоёр чухал байгууллагын гишүүнээр элссэн. Нэгдүгээрт, татварын мэдээллийг олон улсууд бие биендээ чөлөөтэй солилцож байх олон улсын Глобал форум гэж байгууллага байдаг. Эхний ээлжинд тэр лүү аль нэг улс хүсвэл хүссэн мэдээллийг нь өгнө. Дараа нь бол татварын бүх мэдээлэл ил тод автоматаар бие биентэйгээ солилцдог болно. Ингэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллага, үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагаа, татварын мэдээлэл ил тод болно гэсэн үг шүү дээ.

Дараагийн нэг чухал байгууллага бол татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэхийн эсрэг олон улсын байгууллага гэж байна. BEPS гэж нэрлэдэг. Ер нь сүүлийн үед олон улсын үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаанаас үзэхэд баялагтай улс оронд явуулсан үйл ажиллагааныхаа ашгийг янз бүрийн хэлбэрээр татвараас зугтаадаг механизмууд бий болсон. Төлөөний газрууд бий болгох, зээлийнхээ хүүгээр дамжуулж их өндөр ашиг хүртдэг явдал бий болж байна. Ингээд нөгөө татварын харилцан ашигтай байдал алдагдсан. Энэ бол манайд Оюутолгойн жишээ шүү дээ. Бид үйл ажиллагааг нь хянаж, мэдээллийг нь авч чаддаггүй. Олсон үйл ажиллагаанаас нь татвараа бүрэн авч чаддаггүй. Хуулийн дагуу тогтоогдсон татвар дээр маргаан үүсгээд олон улсын байгууллагаар явж айлгаад, сүрдүүлээд асуудал үүсгэдэг явдал бодитой байгаа. Яг үүнтэй тэмцдэг олон улсын тэр байгууллага байна. Тэр байгууллага олон улсад явуулахад нийтлэг стандарт, шаардлагуудыг бий болгосон байна. Ийм мэдээллүүдээ гаргаж өгнө. Тийм үйл ажиллагаа явуулахгүй. Тэр төлөөний газраас татварыг ингэж тооцож авна. Хүүг бол тодорхой хэмжээнд хязгаарлана. Манайхан шиг хүүгээс хүү бодоод ингээд улс орны эдийн засгийн дорой байгаа байдлыг улам дордуулдаг байдлаас сэргийлнэ гэсэн ийм стандартуудыг бий болгочихсон олон улсын байгууллага байна.

-Тэгэхээр энэ хүрээнд дээр дурдсан татварын шинэчлэлийн ажлууд явж байгаа юм байна, тийм үү?

-Сангийн яаман дээр байгуулсан Ажлын хэсэг татварын хуулиа шинэчлээд ажиллаж байх явцад энэ асуудлууд үүсээд олон улсын байгууллагад элсээд ингээд өнөөдөр татварын хууль маань зөвхөн дотоодын үйл ажиллагааг зохицуулах биш олон улсын шаардлагыг хангасан тийм систем бий болгох алхам руу явж байна. Би бол 1993 оноос эхлээд л зах зээлийн нөхцөлд татварын системийг бий болгох, шинэчлэх энэ ажилд оролцсон хүн шүү дээ. Түүнээс хойш хэд хэдэн хууль гаргаж нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хоёр удаа татварын өршөөл үзүүллээ. Бизнесийн орчинд таатай, татвар төлөгчдөд дэмжлэг болсон хууль гаргах гээд бид үндсэндээ 20 гаруй жил ноцолдлоо. Гэтэл байдал ерөөсөө засарсангүй. Юу засарсангүй вэ нөгөө далд эдийн засаг арилсангүй, татвараас нуугддаг, бултдаг явдал байсаар байна. Аж ахуйн нэгжүүд маань бодитой дэмжлэг авч сэргэж дэвжсэнгүй. Гэтэл энэ маань олон улсын тэр шаардлага стандартад бас нийцээгүй байдаг юм байна.

Энэ байдлаас дүгнэлт хийгээд тэгээд ер нь татварын хуулиуддаа нэлээд томоохон өөрчлөлт оруулах ёстой юм байна гэж энэ хаврын чуулганд Татварын хуулийг өргөн барьсан юм. Татварын хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль гээд багцаар нь шинэчилсэн найруулга орж ирсэн. Анхны хэлэлцүүлэг УИХ дээр хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг нэг удаа буцаасан. Засгийн газар түүнийг авч үзээд засаж шинэчлээд оруулж ирсэн. Тэгэхээр энэ хууль маань олон улсын стандарт шаардлагуудад илүүтэй нийцэх чиглэл рүү явж байгаа. Ийм учраас энэ хуулийг бид намрын чуулганаар баталж гаргах ёстой. Энэ хууль гарснаар бид олон улсын өмнө маш олон үзүүлэлтээр үүрэг хүлээх болж байгаа. Өөрөөр хэлбэл, мэдээ­лэл тооцоо, бүртгэл нягтлан бодох бүртгэлээ сайжруулна. Тэгээд үйл ажилла­гааных нь мэдээл­лийг тухай бүр авч тайлаг­наж байна. Тэр дээрээ үйл ажиллагаа явуулж нөгөө татварын тэгш, шударга, ил тод, ха­рил­цан ашигтай нөхцөлийг хангана. Ийм бодлогын өөрчлөлт хийхээр явагдаж бай­на. Яг энэ хүрээнд Б.Баттөмөр гишүүн бид хоёр олон улсын байгууллага Европын холбоо, Олон улсын эдийн засгийн хамтын ажил­­ла­гаа, хөгжлийн байгууллага дээр очиж энэ татварын асуудлаар ажилласан. Энэ меха­низ­­муудыг нарийвчилж, судалж үзсэн. Тат­ва­рын хуульдаа юу гэж тусгавал олон улсын шаард­лагад нийцэх вэ гэдэг талаар ажил­ла­сан. Одоо ингээд энэ намрын чуулганаар хуулиудаа гаргуулахаар ажиллаж байна.

-Хууль гарвал дагаад гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн гэрээ хэлцлүүдэд өөрчлөлт орно гэж ойлголоо?

-Маш олон гэрээ хэлцэлд өөрчлөлт орно. Монголын дотоод 60 гаруй хууль, дүрэм, журам өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, манай татварын систем бүхэлдээ олон улсын шаардлагад нийцсэн хэлбэр рүү орно гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш том ажил. Энэ асуудлууд хэрэгжсэний дараа бид “Оюутолгой мэдээллээ өгөхгүй байна”, “Татвараа нууж байна”, “Илүү дутуу авсан” гэсэн маргаан алга болно. Бид одоо зөвхөн Монгол Улсад явуулж байгаа энэ компани, түүний төлөөлөгчийн газраар дамжуулаад тэдний мэдээллийг авах төдийгүй Оюутол­гойн толгой компани Рио Тинтогийн санхүү үйл ажиллагааны бүх мэдээллийг авч дүгнэлт хийх бололцоотой болно. Бид өнөөдөр Оюутолгой, Рио Тинтогийн мэдээллийг олон улсын эх үүсвэрээс авч байгаа. Гэхдээ түүн дээр бид бодитой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Эргэлзээтэй зүйл олон бий. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсний дараа жил гэхэд л Рио Тинто компанийн ногдол ашиг долоон тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Өмнөх жил нь 100 хэдхэн сая ам.доллар байсан ашиг долоон тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Энэ Оюутолгойтой яаж холбогдож байгаа юм гэдэгт бид дүгнэлт хийж чадахгүй байгаа. Гэтэл Оюутолгой компани бол Монголд ашиг орлого өгөхгүй байгаа шүү дээ. Тийм учраас бид ингэж хөрөнгө оруулагчдад одоо бас таатай нөхцөл өгч дэмжихийн хажуу­гаар түүний үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу хянаж байх ийм бололцоо бүрдэнэ. 

-Олон улсын стандартад нийцүүлж байна гээд ширүүлээд эхлэхээр манайхыг сонирхох хөрөнгө оруулаг­чид багасчих юм биш биз?

-Тийм явдал гарахгүй. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ ижилхэн жишгээр явж байна шүү дээ. Хаана ч очсон тийм л шаардлага тавина. Одоо манайд хөрөнгө оруулагчдыг тахин шүтээд, хэтэрхий их онцгой эрх олгочихсон учраас Монголд орж ирээд тэр давуу талыг ашиглаж өөрсдөө хэт өндөр ашиг хийж байна. Энэ бол эргээд баялагтай орныг ядууруулж байгаа олон улсын хэмжээний бол зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа байх нь. Тэр битгий хэл олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дээр очиход бидэнд нэг зүйлийг маш их цохон тэмдэглэсэн. 2014 онд би Сангийн сайдаар ажиллаж байхдаа Голланд Улстай байгуулсан давхар татварын гэрээг хүчингүй болгосон юм. Яагаад гэвэл энэ гэрээний давуу талыг ашиглаж хөрөнгө оруулагч тал Оюутолгой компани Монгол Улсаас ашиг шилжүүлж байсан. Нэг үгээр энд олсон ашгаасаа Монголд татвар төлөхгүй гадагш нь аваад явчихаж байлаа. Ийм учраас Монголын талд ашиггүй байна. Энэ гэрээ хэлцлийг шинэчилье гэдэг үүднээс олон улсын гэрээ хэлцлийг хүчингүй болгосон юм. Тэр үед бол одоо их шуугиан болсон.

-Хөрөнгө оруулагч нарыг хөөлөө гээд...

-Хөрөнгө оруулагчдыг хөөлөө, үргээлээ одоо таагүй орчин бий болголоо гэж. Тэгтэл олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага юу гэж хүлээж авсан гэхээр Монгол Улс зөв шийдвэр гаргасан. Яагаад гэвэл давхар татварын гэрээний давуу талыг хөрөнгө оруулагч тал өөртөө ашигтайгаар ашиглаад хүлээж авагч тал нь хохирч байгаа юм байна. Тийм учраас энэ механизмийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн юм байна гэж хүлээж авсан. Би юу хэлэх гэж байна гэхээр бид олон улсын жишигт очсоноор хохирохгүй, хөрөнгө оруулагчид үргэхгүй. Татвараас зайлсхийх боломжийг Монголын тал олгочихсон байсан учраас тэрийг нь ашиглаж байсан байна. Одоо олон улсын гэрээ хэлцэлд элссэнээр бид дэлхий нийтэд буюу улс, орнуудад нийтлэг мөрддөг хөнгөлөлтөөс илүү нөхцөлийг Монголын тал олгож болохгүй. Өөрөөр хэлбэл, өөртөө хэт давуу тал олгоод бусдаасаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдыг татаж авах гэж оролддог. Түүн шиг олон улсын жишгээс давсан хөнгөлөлт үзүүлэх тийм бололцоо байхгүй болж байгаа.

-Хөрөнгө оруулагчдад хөнгөлөлттэй нөхцөл л санал болгохгүй бол биднийг сонирхохгүй гэсэн үзэл байдаг шүү дээ. Ийм ойлголт нэлээд газар авчихсан?

-Тэр бол үзэл суртал шүү дээ. Монголчууд бид нэг буруу зуршилтай. Хүүхдээ эрхлүүлсээр байгаад буруу хүмүүжүүлж толгой дээрээ тавьчихаад бүх насаараа зовдог. Ийм явдал амьдрал дээр байгаа шүү дээ. Үүнтэй адилхан хөрөнгө оруулагчдыг хэт тахин шүтэж онцгой эрх өгөөд толгой дээрээ гаргачихаад дийлэхээ байчихаж байгаа л улс шүү дээ, бид.