Энхболд.М 2018.10.01 | Vip76.mn

Ээлжит бус чуулганыг яагаад хуралдуулаагүй талаар УИХ-ын дарга тайлбар хийв

Ээлжит бус чуулганыг яагаад хуралдуулаагүй талаар УИХ-ын дарга тайлбар хийв

УИХ-ын завсарлагааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагыг өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гишүүдийн шаардлагыг дэмжсэн саналыг ирүүлсэн боловч ээлжит бус чуулган хуралдахгүй байсаар өнөөдөр намрын чуулган нээлтээ хийлээ. 

Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд дараах тайлбарыг хэлэв.

"Ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авлигалын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлийг хуульчлан зааж, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.

Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш төрийн аль ч шатны ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа.

Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж боломгүй. Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хууль зүйн үндэслэлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ хугацаанд нь хэлэлцэн батлахад идэвхи чармайлт гаргаж ажиллахыг хүсье."