Нийслэлийн удирдлагууд “Ширээ цагаан нуур”-ын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2018.10.01

Нийслэлийн удирдлагууд “Ширээ цагаан нуур”-ын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн жил бүрийн 10 сарын 29-нд тохиодог. Ойн энэхүү арга хэмжээг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээ  цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд аймаг, нийслэл, сумын удирдлагууд, иргэд, олон нийт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 9  сарын 29-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын  удирдлагууд, албаны хүмүүс  оролцож  хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 19  дахь жилдээ болж буй ёслолын үеэр Гандантэгчинлэн хийдэд байрладаг  Өндөр гэгээн Занабазарын дүрийг тус газар залж,  Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөлөө.
Одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь эл газар Ширээ цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж,  Шар бүсийн ордон байгуулж байсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл бболсон гэдгийг судлаачид онцолдог. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шавийг 379 жилийн өмнө энэ газарт анх тавьж байсан гэдэг.  Тэр цаг үеэс хойш Улаанбаатар хот хэд хэдэн  бууриа сэлгэн нүүж эцэст нь хатан Туулийн хөндийд суурьсан түүхтэй. Өнгөрсөн үеийн түүх уламжлал, өв соёлоо хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор  жил бүр нийслэлийн удирдлагууд энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Цаашдаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, Монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье" гэв.

Тус арга хэмжээнд оролцогчид гэрэлт хөшөө, Ширээ цагаан нуур, Цагаан суваргад хүндэтгэлээ илэрхийлээд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Ширээ цагаан нуур орчимын газрыг тохижуулах, гэрэлт хөшөө, суваргыг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

“Ширээ цагаан нуур” нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс хойш 20 гаруйхан км-ын зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манхан, битүү ургасан  хайлаас, арцны модны төгөл дунд далайн түвшнээс дээш 1488 метрийн өндөрт өргөгдсөн байгалийн үзэсгэлэн бүхий  өвөрмөц тогтоцтой  газар юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ