УИХ-ын гишүүн Л.Болд Олон Улсын Сансар Судлалын Академийн гишүүнээр сонгогдлоо
2018.10.01

УИХ-ын гишүүн Л.Болд Олон Улсын Сансар Судлалын Академийн гишүүнээр сонгогдлоо

Олон улсын сансар судлалын 69 дэх удаагийн хурал Герман Улсын  Бремэн хотноо өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ үеэр Олон Улсын Сансар судлалын Академи (International Academy of Astonautics)-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын гишүүнээр Монгол Улсын Их хурлын гишүүн Лувсанвандангийн Болд сонгогджээ.

УИХ-ын гишүүн Л.Болд сансар судлалын ололт дэвшлийг улс орондоо авчрахын төлөө тодорхой ажил, хөтөлбөр хэрэгжүүлж буй “Шинэ Монголын Төлөө Санаачилга” ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд саран дээр буусан АНУ-ын  сансрын нисгэгч, домогт Базз Алдриныг Монголдоо урьж ирүүлэн Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай хамт хүүхэд, залуучуудтай уулзуулж байсан гэдгээр нь бид сайн мэднэ.

Олон Улсын Сансар судлалын Академи нь 1960 онд Шведийн Стокгольмд байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл сансар огторгуйг эзэмших үйлсэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн судалгаа, сургалтын төслүүдийг тогтмол, хэрэгжүүлж ирсэн, эгнээндээ 65 орныг нэгтгэсэн, НҮБ-ын статустай  олон нийтийн томоохон байгууллага юм.

Дашрамд дурдахад Монгол Улс өнгөрсөн онд Олон Улсын Сансар судлалын Академийн Зүүн хойд азийн анхдугаар симпозиумыг Бага оврын сансрын хиймэл дагуул сэдвээр Улаанбаатар хотноо  зохион байгуулсан билээ.