Б.Батзориг 2018.10.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг хэлэлцэв

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнөөдрийн (2018.10.02) хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар намрын ургац хураалтын урьдчилсан баланс болон тулгамдсан асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсох санал оруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.  

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан уг хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг онцоллоо.

Хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллах зайлшгүй шалтгааны талаар тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс шинээр батлагдсан хуулиар малын эмийн асуудал хариуцсан зөвлөлийг МЭЕГ-ын харьяанд байгуулахаар болсон. Ингэснээр зөвлөлд мэргэжлийн хүмүүс ажиллахаар болсон гэсэн үг.   Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байсан гэв. 

Засгийн газрын гишүүн Б.Батзориг хариултдаа,  өмнө нь малын эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх асуудал эзэнгүй орхигддог байсан. Харин одоо малчны хотноос үйлдвэрлэл хүртлэх малын бүх хяналтыг Мал эмнэлгийн ерөнхий газарт хариуцуулахаар болсон гэдгийг онцолж байв. 

Гишүүдийн зүгээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахдаа олон талын оролцоог хангах, ялангуяа салбарын дотоод болон хөндлөнгийн хяналтын зааг ялгааг нарийн гаргах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байсан. 

Ингээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.