Л.Мөнхбаатар 2018.10.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 11 цаг 20 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна. 

Үндсэн хуулийн цэцийн дээр дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар тодруулга хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар санал хэлэв. 

Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу УИХ-ын нөхөн сонгуулийн товыг 14 хоногийн дотор зарлахаар УИХ-ын тогтоолыг батлуулсан. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй гэв. 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлсэн болохоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд тайлбарласан гэлээ. 

Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуульд оролцох төрийн албан хаагчид тухайн оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай заасан байгааг Л.Мөнхбаатар гишүүн дурдаад “Нөхөн сонгуульд оролцох бол үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан тусгаагүй байгаа юм. Тиймээс нөхөн сонгуульд оролцох хүсэлт бүхий төрийн албан хаагчдын талаарх зохицуулалтыг хуульд тусгахаар холбогдох төслийг боловсруулах нь зүйтэй” гэдэг саналыг хэлэв.

Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт гарсан даруйд Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай гурван хуулийн төслийг боловсруулан, үр нөлөөний судалгаа хийлгэхээр Засгийн газарт хүргүүлээд байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны үеэр ээлжит сонгуулийн үеэр иргэд сонгогдох эрхээ эдлэх боломжтой, харин нөхөн сонгуульд бол энэ эрхийг нь эдлэх боломжгүй болж байгааг хэлэлцсэн гэв. Иймд бусад орны ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалгаа хийсэн байна. УИХ дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн баталсан, харин Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалттай зөрчилдөж байна гэж үзвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нээлттэй гэдгийг тэрбээр тайлбарлалаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд оролцох бол 6 сарын өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх зохицуулалтыг өөрчилж, 3 сар болгох нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. 

Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд ийнхүү санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.