"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018" чуулга болж байна
2018.10.02

"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018" чуулга болж байна

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт 10 сарын 2-5-нд Улаанбаатар хотод болох талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар оролцож мэдээлэл өгсөн юм.

Чуулга уулзалтад Ази, Номхон далайн орнуудын Засгийн газрын өндөр дээд түвшний төлөөлөгчид, хотын дарга нар, олон улсын шинжээч, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.

Уг чуулга уулзалтын 11 дэх удаагийнхыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа бөгөөд Монголын талаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд, ЗТХ-ын сайдыг түр орлогч, Шадар сайд Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид голлох үүрэгтэй оролцох юм. “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт 4 салбар хуралдаантай.

Хуралдааны эхний өдөр буюу 10 дугаар сарын 2-нд “Хот хөдөөгийн харилцаа- Ядуурлыг бууруулах арга хэмжээ & Тогтвортой хөгжлийн зорилтууд”, Өмнөд Азид утаа багатай тээврийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Тогтвортой хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн зорилтыг тусгах нь салбар хуралдаан болно.

Хуралдааны 2 дахь өдөр буюу 10 дугаар сарын 3-нд чуулганы нээлт болно. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг дарга С.Батболд нар мэндчилгээ дэвшүүлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, НҮБ-н Бүсийн хөгжлийн төвийн дарга Казушигэ Эндо, НҮБ-н Ази номхон далайн бүс нутгийн эдийн засаг, Нийгмийн комиссын төлөөлөгч Мадам Б. Рэгми, Япон улсын Байгаль орчны яамны сайдын нарийн бичгийн дарга Ясухару Еда нар үг хэлнэ.

Дараа нь Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн нэгдсэн хуралдаан эхэлж, Ногоон хөгжил ба хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн гүйцэтгэх үүрэг, Далайд гарцгүй орнуудад тулгарч буй тээврийн хүндрэл ба боломжууд, Замын аюулгүй байдлыг хангасан тогтвортой хот төлөвлөлт, Агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн үүрэг сэдвээр хэлэлцүүлэг болно.

Хуралдааны 3 дахь өдөр буюу 10 дугаар сарын 4-нд Тогтвортой хот төлөвлөлтөд хөдөлгөөнт ба хөдөлгүүргүй тээвэр – Хот төлөвлөгчдийн үүрэг оролцоо, Тогтвортой Хот Төлөвлөлтөд Цахилгаан хөдөлгүүрт тээврийн үүрэг, Тогтвортой хот төлөвлөлтөд төмөр замын тээвэр үүрэг оролцоо сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хуралдааны 4 дахь өдөр буюу 10 дугаар сарын 5-нд 12 цагаас Шангрила зочид буудлын баллрүүм танхимд зохион байгуулагч орны хурлын тэмдэглэл, “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018” чуулганаас Киотогийн тунхаглалд тусгасан нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Хуралд олон улсын байгууллагын төлөөлөл болон Нийслэлийн ЗДТГ, БХБЯ, БОАЖЯ, ЗТХЯ-ны төлөөллүүд оролцоно.