О.Содбилэг 2018.10.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулна

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулна

АБГББХ-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байна. Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг ("ландфил") болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ гэдгийг онцоллоо.

Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх аж.

Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газарт олгох юм байна. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин /ОУВС-ийн тооцооллоор/ 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, С.Батболд, Д.Оюунхорол, С.Содбилэг нар Гадаад хэргийн яам, Сангийн яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

 Асуулт асууж, үг хэлсэн гишүүд уг зээл нь урт хугацаатай, нэн таатай нөхцөлтэй, зориулалт нь тодорхой учраас хэлэлцээрийг дэмжиж байгаа, харин Засгийн газар, холбогдох байгууллагууд төслийг шуурхай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд анхаарах, мөн хог хаягдлыг ангилж ялгах, дахин боловсруулах менежментийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг нутагшуулах замаар хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргаж авах, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч холбогдох журам зааврыг яаралтай гаргаж мөрдүүлэх шаардлагатайг онцолж байлаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.