Л.Элдэв-Очир У.Хүрэлсүх 2018.10.04 | Vip76.mn

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцлээ.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 8 сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Хууль ёсоор Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой юм.

Тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.


Харин тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир уншиж танилцууллаа. Тус байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.


Мөн тогтоолын төслийн талаарх Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уншиж танилцууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлсэн юм.

Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 76.2 хувь нь Засгийн гарын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.