Болд.Л 2018.10.04 | Vip76.mn

Л.Болд: Үндсэн хуулийн дагуу шударга ёсыг тогтоох, хууль, шүүхийн байгууллага ажиллах тогтолцоо хэцүү боллоо

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн 11-р дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хууль, нөхөн сонгууль, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр хэлэхдээ: "Миний хувьд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 10-р дүгнэлт буюу УИХ-ын нэг гишүүнийг нөхөн сонгох сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж ойлгож байлаа.

Өнөөдөр УИХ 75 гишүүнтэй болсон. Гэсэн ч намрын чуулган эхэллээ. Үүний цаана сонгогчид болон Үндсэн хууль ноцтой зөрчигдөж байна. Энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайран дайрсан оролдлого хийгдэж байгаа. Үүний цаана Үндсэн хуулийн цэцийн сая танилцуулсан дүгнэлт нийгэмд маш их хор уршиг дагуулсан, Үндсэн хуулийг хүнд нөхцөлд оруулсан. Үндсэн хуулийг хамгаалах  үүрэгтэй цэц өөрөө нийгэмд байр сууриа зөв эзэлж, үндсэн хуулийн дагуу ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Хэзээ  Хэнтийн сонгогчдын эрх ашгийг хамгаалж, нөхөн сонгуулийг нь яаралтай зохион байгуулж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх вэ? Нөхөн сонгуулийн асуудлыг бид яаралтай хэлэлцэх байсан юм биш үү?"

Түүний асуултанд УИХ-ын дарга М.Энхболд дараах хариултыг өглөө.

"Үндсэн хуулийн цэцийн 10-р дүгнэлтийг та ярьж байна. Энэ дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудалд хариуцаж байгаа гишүүн нь хүндэтгэх шалтгаантай эзгүй байгаа тул энэ асуудлыг ирэх хоногт оруулж хэлэлцүүлэхээр болсон. Харьяа байнгын хороо нь өчигдөр хэлэлцсэн. Ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганд оруулна." гэлээ.