Төр иргэнийг холбох гүүр болж ажиллана гэдгээ илэрхийллээ
2012.06.14

Төр иргэнийг холбох гүүр болж ажиллана гэдгээ илэрхийллээ

Хуртай, хуралтай, сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ, тус дүүргийн АН-ын дэд дарга, "Иргэн Та баялаг" сангийн тэргүүн С.Одонтуяа болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нар өчигдөр Баянгол дүүргийн X хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм. Уулзалтыг нээж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Бид Баянгол дүүргийнхээ 23 дугаар хороогоор явж, сонгогч түмэнтэйгээ уулзаж, тэднийхээ санаа бодлыг сонсч байна. Уулзалт маань заримдаа ажлын өдөр ч таарч байна, амралтын өдөр ч таарч байна. Хүйтэн, халуун ямар ч нөхцөлд биднийг дэмжихээр хүрэлцэн ирж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. АН-аас энэ удаагийн сонгуульд "Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье" гэсэн энгийн мөртлөө асар гүнзгий утга агуулга бүхий уриалга дэвшүүлж, ард түмэндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өнөөдөр Монгол Улсын иргэн бид эх орондоо хүн шиг амьдарч чадаж байгаа билүү гэдгээ бодох цаг болсон. Монгол хун эрүүл аюулгүй орчинд амьдарч, байгалийн баялгаасаа тэгш хүртэх учиртай. Монгол хүн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх ёстой. Баянгол дүүрэгт нэр дэвшигчид бид улс орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно" хэмээсэн юм.

 

Түүний дараа тус дүүргээс хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй "Иргэн та баялаг" сангийн тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа сонгогч түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр "АН-ын гишүүд зөвхөн сонгуулийн өмнө иргэдтэйгээ уулзахаар ирдэггүй. Бид дөрвөн жилийн турш ард иргэдтэйгээ уулзсан, уулзсаар ч байх болно. Ингэж уулзахдаа бид иргэдийн сэтгэлийг юу зовоож байдгийг ойлгодог. Би НИТХ-д сонгогдохдоо Баянгол дүүргийн 1, 2 дугаар тойрог буюу 1-9 дүгээр хороо хамрагддаг. Гэвч би өнгөрсөн хугацаанд тойргийн бус гэж алагчилж үзэлгүй, бусад тойргуудад оршин сууж байгаа иргэдтэйгээ уулзах, санал хүсэлтийг нь сонсох, хийсэн ажлынхаа тайлан төлөвлөгөөг гаргаж байнга хүргүүлдэг "байсан. Мөн иргэд, сонгогчид маань уулзая гээд ирэхэд нь цаг гар-ган уулздаг байсан. Учир нь би НИТХ-д Баянгол дүүргээс ганцаараа АН-аас сонгогдсон. Тиймээс иргэддээ тусалж дэмжих шаардлага байгаа учраас тойрог харгалзалгүй Баянгол дүүргийнхээ нийт иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцсоор ирсэн. Манай Баянгол дүүргийн иргэдэд тулгамдаагүй асуудал нэг ч алга байна. X хорооны хөгжил ухарснаас биш урагшилсан юм алга. Энэ хороонд замын асуудал маш хүчтэй яригддаг, настай хүмүүс, хүүхэд эмэгтэйчүүд өвлийн цагт яаж гэртээ хүрэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна.

 

Мөн энэ хорооны иргэдийн хувьд хүүхдийн цэцэрлэгийн асуудал их бэрхшээлтэй, заавал хотын төв рүү орох шаардлага гардаг. Энэ хорооныхоо нутаг дэвсгэр дээр гэр цэцэрлэг байгуулаад өгье гэхээр мэргэжлийн хяналтын байцаагч нар нь зөвшөөрдөггүй. Халуун ус, ахуй үйлчилгээний газар байгуулъя гэхээр мөн л зөвшөөрдөггүй гээд яриад байвал асуудал их бий. Тиймээс энэ мэтийн бэрхшээлийг хэрхэн арилгах талаар гарцыг олохоор эрэлхийлсний үндсэн дээр "Монгол хүн" хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монголын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд, амгалан тайван, баян амьдрах ёстой. Мөн иргэд эрх мэдэлтэй байх ёстой" хэмээн хорооны иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын уур амьсгал халуун дулаан орчинд болсон бөгөөд хэн нэгнийг муулах бус аливаа асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлснээрээ онцлог байлаа. Түүнчлэн, улс орны нийтлэг эрх ашгаас гадна нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэх талаар ярилцсан. Уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүс санал бодлоо илэрхийлж, дээр дурьдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсэхийн ялдамд дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Иргэдийн санал бодол, хүсэл зоригийг сонссоныхоо дараа АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, тус дүүргийн АН-ын дэд дарга С.Одонтуяа, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нар сонгогчдынхоо хүсэн хүлээж байгаа асуудлуудыг зөв шийдвэрлэх гарцыг олж, төр иргэнийг холбох гүүр болж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.