У.Хүрэлсүх 2018.10.05 | Vip76.mn

Ирэх оны төсвөөр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Ирэх оны төсвөөр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 онд төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн дагуу 11 сарын 15-нд багтаан ирэх оны төсвийг батлах ёстой юм.

Ирэх оны төсвийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уншиж танилцуулсан. Тэрээр: "Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээж, сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлзн хөрөнгө оруулалтылг нэмэгдүүлэх замаар ард иргэдийн бодит орлогыг өсгөх амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж байна" гэсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар ирэх онд эдийн засгийг тогтворжуулан, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим ил тод үр ашигтай төсвийн бодлогыг авч хэрэгжүүлнэ. Энэ бодлогыг дараах арга хэмжээнд хэрэгжүүлнэ.

Нэг.

ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ. Экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж, байгалийлн баялагаас авах татвараа бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлнэ. Шинэчлэлийн хүрээнд экспортоор оруулж байгаа байгалийн баялагийг тээврийн хэрэгсэл бүрээ нарийвчлан шинэчлэх, хилийн боомтуудыг өндөр хүчин чадалтай рентген тоног төхөөрөмжөөр хангах, гаалийн лабороторийн үйлчилгээг цахимжуулах, хилийн боомтуудын хяналтын нэгдсэн системд холбон шуурхай удирдлагаар холбон хангаж ажиллах ажлыг ирэх жил эхлүүлнэ.

Хоёр.

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, ЖДҮ, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, татварын суурийг өргөтгөх зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Татварын шинэчлэлийн хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцлоо.

Гурав.

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ХӨЛСИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ. Засгийн газар 2019 онд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 720 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа. Тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 421.5 мянган өндөр настан, нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байгаа 135 мянган хүн цалин хөлсний нэмэгдэлд 185 мянган төрийн албан хаагчийг хамруулна.

Дөрөв.

МСҮТ-ИЙН СУРАЛЦАГЧДАД 100 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах сонирхлыг урамшуулан дэмжих зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийлн төвүүдэд суралцаж байгаа 39 мянган суралцагч тус бүрт сар тутам 100 мянган төгрөгний тэтгэлэг олгохоор тооцож оруулж байна. Энэ арга хэмжээнд ирэх 2019 онд шаардагдах 41 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа.

Тав.

ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛЭЭР ДАМЖУУЛЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛСАН ТӨСВИЙГ ИЛ ТОД ХЯНАЛТТАЙ БОЛГОНО. Техник, технологийн дэвшлийг ашиглан төсвийн зарцуулалтын үр ашиг болон хяналтыг сайжруулж, төрийн чиг үүргийг иргэдэд илүү үр дүнтэй, үр ашигтай байдлаар хүргэхийг зорьж байна. Төрийн албан хаагчдыг бүртгэлжүүлж, төсвийн байгууллагын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, гүйцэтгэлийг цахимжуулах замаар төсвийн урсгал зардлыг багагүй хувийг эзэлдэг цалин хөл, нийгмийн баталгааны зардлын хяналтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Зургаа.

СУМ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖИЛТ ОЛГОНО. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж, шаардагдах эх үүсвэрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ суманд хэрэгжиж, улмаар аймаг Нийслэл рүү чиглэсэн урсгал багасна.

Долоо.

ЭМНЭЛГҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН, САНХҮҮ УДИРДЛАГЫН ХУВЬД БИЕ ДААЛГАН АЖИЛЛУУЛНА. Эмнэлгийн бие даасан байдлыг хангах замаар тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг, халдвар судлалын үндэсний төвийг бие даалгаж, үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр тооцож санхүүжүүлнэ. Үүний үр дүнд эмнэлэг, төсвийн менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, зардлын үр ашиг сайжирч, өрсөлдөх чадвартай болно гэж үзэж байна.

Найм.

АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Ирэх онд агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд нийт 193.1 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгалаа. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүрэг давхардлыг арилгаж, ажлын уялдаа холбоог сайжруулан, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллах болно.

Ес.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НИЙГМИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ЧИГЛҮҮЛНЭ. 2019 онд Улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг, үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэхэд 752 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцож оруулахаар боллоо. Ингэснээр 2019 онд нийт 117 сургууль, нийт 134 цэцэрлэг, нийт 34 дотуур байр, нийт 61 эмнэлэг, нийт 52 соёлын төв, нийт 37 спорт заал, нийт 50 улсын болон орон нутгийн замын ажил, нийт 13 гүүрний байгууламжийн ажилууд хийгдэхээр төлөвлөгджээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 36 ЕБС-ийн шинэ барилга болон өргөтгөлийг ашиглалтанд оруулахаар тооцож, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн төсөлд тусгалаа.

Арав.

ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРС НЭМЭГДҮҮЛНЭ. Засгийн газраас бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 189 тэрбум төгрөгийг аймаг тус бүрт 8-10 тэрбум төгрөг байхаар тооцон улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор тусгалаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт олгох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 2018 оноос 62 хувь нэмэгдүүлж, 144 тэрбум төгрөгт хүргэсэн болно.

Арван нэг.

ОРЛОГОТОЙ НЬ УЯЛДУУЛСАН ЗАРДЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Улсын төсөвт төвлөрч байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь, газрын тосны тусгай зөвшөөрлийн 30 хувь, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн орлогын 50 хувийг нийт 33 тэрбум төгрөгний орлогыг орон нутгийн төсөвт хуваарилахаар тооцлоо. Ингэснээр орон нутагт бие даан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.

Арван хоёр.

ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТ, УРСГАЛ ЗАРДЛЫН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ. Орон нутгийн засаг захиргаа өөрийн өмчөө арчилж, тордох зөв зохистой удирдах замаар ашиглалтылн зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх хөшүүргийг бий болгох зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хүүхэд хамгааллын байгууллага, газрын харилцааны алба зэрэг байгууллагын байр ашиглалтын зардлыг орон нутагт нь хариуцуулна. Эдгээр объектын ашиглалтад шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвийн суурь зардалд нэмж олгоно.

Арван гурав.

МАЛЫН ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ. Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тандаж судалгаа хийх зэрэг араг хэмжээг авч хэрэгжүүлэх замаар хүн ардаа баталгаатай , чанартай хүнсээр хангаж, улмаар гадаад зах зээлд хүнс экспотлогч улс болох зорилтын хүрээнд мал сүргийг эмчлэх, үржүүлэх зардлыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож байна.

Арван дөрөв.

ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ЗОРИУЛСАН ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОНО. 2019 онд хүний хөгжлийлн сангаас шилжиж ирсэн 1.1 их наяд төгрөгийн өрийг ирээдүй өв сангийн орлогоос барагдуулж, 553.1 тэрбум төгрөгийг хуримтлуулна. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялагийн орлогоосоо хуримтлал үүсгэж байна.

Арван тав.

НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН АЛДАГДЛЫГ БУУРУУЛНА. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт орлогыг 2018 оноос 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.1 их наяд төгрөг, нийт зарлагыг 2018 оноос 2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.6 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг байхаар тооцон оруулж байна. Төсвийн алдагдал 2018 онд ДНБ-ий 8 хувьтай тэнцэж байсан бол ирэх онд 5.4 хувь дээр хүрч, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгагдсан нөхцөл шаардлагыг бүрэн хангахаар байна.

2019 оны улсын нэгдсэн төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, С.Батболд, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Л.Болд, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, О.Содбилэг, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар асуулт асууснаар 2018 оны 10 сарын 04-ний өдрийн хуралдаан дууслаа. Маргааш үргэлжлүүлэн гишүүдийн байр суурийг сонсохоор боллоо.


УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр эхэлж 2019 оны улсын нэгдсэн төсвийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуусан бол өнөөдөр үг хэлсэн юм. Харин Ардчилсан намын бүлгээс 5 хоногийн завсарлагаа авснаар 2019 оны Улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.