Ж.Бат-Эрдэнэ 2018.10.04 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг баталлаа. 

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 8 сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн юм.

Ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ фэйсбүүк хуудаснаа болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр: "...болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл 4 хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийж ажиллана" гэсэн байна. 

Зам тээврийн салбарт олон жил ажилласан туршлагатай, ажлаа мэддэг сайдыг чөлөөлөгдөх болсонд харамсалтай байгаа талаар УИХ-ын гишүүд чуулганы үеэр хэлж байлаа.

Мөн дараагийн томилогдох Зам тээврийн хөгжлийн сайдад томилогдох хүний талаар Ж.Бат-Эрдэнэ: "Их олон ажил эхлүүлсэн байсан. Түүнийг үргэлжлүүлэн, төрийн албыг тогтвортой авч явах хүн байх шаардлагатай" хэмээн хэлсэн юм.