Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороо хэлэлцэж дэмжлээ
2018.10.05

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороо хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв. 

    Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод анхаарч, мэргэжилтнүүдтэй хамтран одоогоор эхлүүлээд байгаа хэд хэдэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь  Улсын Их Хурлын гишүүн Ч.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.