Ч.Улаан 2018.10.05 | Vip76.mn

Ч.Улаан: Төрийн бодлогын уламжлалыг хадгалж ажиллах хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААН САЛБАРТАА АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЗҮЙЛСИЙН ТАЛААР ШИНЭ САЙДАД ЗАХИЛАА.

Тэрээр,

Салбарын асуудалд том харж, мэдлэгтэй, зарчимтай, сэтгэлтэй ажиллаарай гэж зөвлөе. Төрийн бодлогын уламжлалыг хадгалж ажиллах хэрэгтэй. ЗТЯ-ны онцлог, бүтэц зохион байгуулалтад их өөрчлөлт орсон. Өмнө нь явж байсан тодорхой бодлогын арга хэмжээнүүд завсардаад үлдэх магадлалтай гэсэн болгоомжлол байна. Анхаарах хоёр зүйл байна. 

НЭГДҮГЭЭРТ,

Dаруун урдаас Бичигтийн боомтын авто замын асуудал байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, концессоор баригдахаар, гэрээ хэлцлүүд хийгдсэн, бодит ажил болох шатандаа орсон ажил. Энэ бол Монгол Улс Азийн авто замын сүлжээнд шинэ маршрутаар буюу А5 гэдэг маршрутаар холбогдох, олон улсын өндөр ач холбогдолтой зам.

ХОЁРДУГААРТ,

Бичигт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн төмөр замын асуудал байна. Энэ бол олон улсын хамтын ажиллагааны шинэ коридор бий болгох, Монгол Улс далайд гарах хамгийн дөт зам. Далайн 5 боомт руу очих боломж нээгдэнэ. Энэ замуудыг холбож, төмөр замын шинэ коридор гаргах асуудалд онцгой анхаарал хандуулаарай. Өмнөх сайдууд тодорхой асуудал шийдээд, тодорхой ажил зохион байгуулагдаад явж байсан. Сүүлийн үед чимээгүй болсон байсан. 

Олон улсын жишиг практикийг судалж, мэдлэгтэй, болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа агаарын тээврийн либералчлалын асуудал дээр судалгаа, дүгнэлттэй хандаарай. Air France компани Парисаас Сөүлийн чиглэлд нислэг үйлддэггүй. Өөр компаниудтай гэрээ хийснээр энэ том компани шахагдаж гарсан гашуун туршлага байдаг.