Н.Амарзаяа 2018.10.05 | Vip76.mn

Н.Амарзаяа: Мөнгө олж байгаа салбар луугаа хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа дараах байр суурийг илэрхийллээ.

Эдийн засгийн хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллахад авто замын асуудал чухал. Тэр дундаа зам тээврийн хөгжлийн бодлогын асуудал. Өмнөговь аймаг 2 хилийн боомттой. 2 хилийн боомтоор Монголын хэмжээнд нүүрсний экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Одоо 2019 оны төсвийг хэлэлцэж байгаа үед 2018 онд 28 сая тонн нүүрс экспортод гаргана гэж байсан бол одоо 42 сая тонн нэмэгдэхээр төлөвлөлт хийж байна. Төмөр зам баригдаагүй байна. Зөвхөн авто замаар дамжин нүүрсний экспорт явагдах энэ нөхцөлд Шивээхүрэнгийн хилийн боомт, Гашуунсухайтын хилийн боомт дээр авто замын маш том бодлого барих шаардлагатай. Мөнгө олж байгаа салбар луугаа хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээгээр төвлөрүүлэх хэрэгтэй.

Шивээхүрэнгийн хилийн боомт аймгийн төвөөс 320 км-т оршиж байна. Харин Шивээхүрэнгээс цаашаа нүүрсний уурхай хүртэл 45 км. Тэр хүртэлх авто замын ямар ч асуудал байхгүй. Түгжрэл байхгүй. Харин Өмнөговь аймгаас хилийн боомт хүртэлх нүүрсний уурхай руу ханган нийлүүлэлт хийж байгаа бүх компани, ААН, хувь хүний тээвэртэй холбоотой асуудал тулгамдаж байна. Стратегийн ач холбогдол бүхий салбар болгож Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан. Улсын шинж чанартай авто замыг барих, сайжруулах асуудал хамгийн тулгамдсан асуудал болж байна. 

Түүнчлэн Өмнөговь аймаг өөрийнхөө хөрөнгөөр Шивээхүрэн хүрэх 85 км замыг хатуу хучилттай авто зам барьсан. Сая говьд болсон үер, борооны асуудлаас болж 2 км зам бүрэн эвдэрсэн. Үүнийг улсын онцгой комисст асуудал болгож дэвшүүлсэн. Энэ замын ажил тусгагдаагүй байна.