Б.Бат-Эрдэнэ 2018.10.05 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Намын мөрийн хөтөлбөрийг ямар нэгэн алагчлалгүйгээр хэрэгжүүлээрэй

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. 

Төрийн албаны туршлагатай хүн учир Я.Содбаатар гишүүн энэ салбарыг бодлогын хувьд цэгц журманд оруулна гэж бодож байна. 

Төрийн бодлогын залгамж чанар байх ёстой. Нэг намын эрх барьж байхад хэрэгжүүлж байсан ажлыг дараагийн нам зогсоодог.

Өөрсдөө Засгийн газрын эрх барьж байж өмнөх сайдынхаа бодлогыг зогсоодог зохисгүй явдлууд гарч байна. Намын мөрийн хөтөлбөр бол эрх барьж байгаа 4 жилийнхээ хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож, хэрэгжүүлэх ёстой.

Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн алагчлалгүйгээр ажиллах ёстой. Өмнөх сайд мэргэжлийн хүн. Ажлын арга барил сайн байсан. Газар дээр нь очиж асуудалтай танилцахад сэтгэлийн хөөрлөөр биш асуудлыг судалгаан дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 45 км замын асуудал 3 дахь парламент дамжиж яригдаж байна. Энэ бол хоёр сум хооронд нь холбох биш, бүс нутгийн стратегийн ач холбогдолтой зам. Өмнөх сайд газар дээр нь очиж үзээд, ирэх жилийн улсын төсвөөр эхлүүлэхээр шийдсэн. 

2008-2012 онд УИХ-аар шинэ бүтээн байгуулалт тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Чингис хотоос Дадал чиглэлийн аялал жуулчлалын зориулалттай зам барих ажил тусгагдсан байсныг үргэлжлүүлэх хэрэгтэй.