Ч.Улаан 2018.10.10 | Өдрийн сонин

Ч.Улаан: Төрийн алба гэдэг СОНГУУЛЬД ХҮЧИН ЗҮТГЭСЭН хүнийг цалинтай байлгах нэг МЕХАНИЗМ болж

Ч.Улаан: Төрийн алба гэдэг СОНГУУЛЬД ХҮЧИН ЗҮТГЭСЭН хүнийг цалинтай байлгах нэг МЕХАНИЗМ болж
УИХ-ын гишүүн Ч.Улаан

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлагдах гол асуудлын нэг нь төсөв. Ирэх оны төсвийг та хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламентын хийх ёстой гол ажил бол намрын чуулганаар төсөв, төлөвлөгөө батлах. Ер нь жилийн турш тасралтгүй хэлэлцдэг сэдэв бол төсөв төлөвлөгөө, мөнгөний бодлогын асуудал байдаг. УИХ хууль заасан хугацаанаасаа өмнө төсвөө хэлэлцээд дуусчихвал аймаг, орон нутаг энэ ондоо багтаад төсвөө хэлэлцэж батлах ёстой. Ингээд оны эцэст нэгдсэн төсөв батлагдан гарч ирдэг. Үүнээс гадна энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудал байна. Тухайлбал, татварын багц хуулиуд бий. Үүнд, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хуулиудад нэлээд дорвитой өөрчлөлт хийгдэнэ. Энэ бол ирэх оны төсвийн том суурь болж өгнө гэсэн үг. Мөн энэ чуулганаар Тендерийн тухай хуульд өөрчлөлт орно. Одоо УИХ дээр ирчихсэн хэлэлцэгдэж байгаа. Тиймээс энэ намрын чуулган улс орны эдийн засгийг хэлэлцсэн үр дүнтэй чуулган болно.

-Намрын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд ийм байж. Тэгвэл ирэх оны төсвийн гол онцлогийг та ярихгүй юу. Өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай байна вэ?

-Ирэх оны төсөв маш хариуцлагатай төсөв байх ёстой. Учир нь манай улс ОУВС-тай тохирсон хөтөлбөр ирэх онд дуусч байгаа юм. Уг хөтөлбөрийн дагуу Монгол Улс 2020 он гэхэд санхүүгийн хямралыг гэтлээд эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд орох ёстой. Тиймээс 2019 он уг хөтөлбөрийн хувь заяаг шийдэх жил болж таарна. Хэрэв уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй, үр өгөөжийг нь хүртэж чадахгүй бол Монгол Улс эдийн засгийн хямрал дотор байх хугацаа цаашаа сунана. Тиймээс ирэх оны төсөв үүгээр маш онцлогтой болж байна. Зарим хүмүүс ирэх оны төсвийг сонгуулийн өмнөх төсөв, хайр зарлах төсөв гэж янз бүрээр л дүгнэн ярьж байгаа. Гэхдээ ямар ч байсан ирэх оны төсөв хайр зарласан төсөв байж болохгүй. Өөрөөр хэлбэл, сонгууль болох гэж байна гээд амласан зүйлээ гүйцээх, ард иргэдийн санаанд нийцсэн сайхан арга хэмжээнүүдийг хийнэ гээд тусгаж болохгүй. Тиймээс бага зэрэг шорвогдуу төсөв байх ёстой.

-Ирэх оны төсөвд тулгарч байгаа эрсдэлүүдийг та хэлэхгүй юу. Жил жилийн төсөв дээр л асуудал үүсдэг шүү дээ?

-Эрсдэл бий. Тухайлбал, орлогоо дайчилсан байдал хэр бодитой байна, зарлагаа хэр зэрэг оновчтой, хэмнэж зарцуулж чадсан гэх мэт үзүүлэлт бүрээр яривал асуудал бий. Үүнээс гадна төсөв дээр ямар эрсдэл учирч болох вэ гэдгийг анхаарах ёстой. Улс төрийн агуулгаар төсөвт хандаж, эдийн засагт бие болсон нааштай ололтуудыг алдчих эрсдэл байгаа. Манай улсын эдийн засаг өсч байна гээд яриад байгаа чинь оргүй зүйл биш. Гэхдээ энэ өсөлт маш эмзэг үедээ явж байна. Бид анхаарал жаахан сарниад ч гэх үү, улс төрийн агуулгаар хандах л юм бол эдийн засгийн нааштай өөрчлөлт, тогтворжилтын хандлага хормын зуур л алдагдана. Ингэснээр буцаад л 2016 оны хямрал руугаа орчих эрсдэлтэй.

-Төсвийн хуваарилалтыг оновчтой хийж чадаж уу. Манайд энэ жил бага төсөв олгочихлоо, тэрэнд ихийг өглөө гэх зэргээр маргаан гарч ирдэг ээ...

-Яг одоогийн байдлаар төсвийн хуваарилалтад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг биш. Байгаа хөрөнгийг оновчтой зөв хуваарилж чадаж байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нямбайруулаад, чанаржуулаад явчих боломжтой. ЗТХЯ дээр гарсан хэрэгтэй холбоотойгоор ирэх оны төсөв нь багасчихлаа гэдэг утгагүй яриа гарч байгаад гайхаж байна. Яаманд гарсан балмад, танхай хэрэг чинь нэг өөр асуудал. Төсөв гэдэг бол төрийн бодлого, хөгжил дэвшлийн бодлого. Тиймээс энэ хоёрыг хамтатгаж ойлгож байгаа нь утгагүй. Төсөв ихэсч, багасах нь учир шалтгаантай. Эхэлчихсэн олон бүтээн байгуулалт ашиглалтад ороод дуусчихсан бол хэмжээ нь багасна. Ер нь төсөв дээр эдийн засгийн агуулгаар, үр ашгийн үүднээс хандах ёстой. Гэтэл манайд төсөв дээр улс төрийн агуулгаар, хэрэгцээ шаардлагын талаас нь хандаад байна. Надад юу өгөх гэж байна, миний тойрогт юу хийгдэх гэж байна ч гэдэг юм уу, ийм өнцгөөр асуудалд хандаж болохгүй.

-Чуулган дээр зарим гишүүд ирэх оны төсвийг хэт өөдрөг төсөв болсон гэж шүүмжилж байна...

-Энэ бол зөв шүүмжлэл. Өнөөдрийг хүртэл төсөв дээр нэг буруу хандлага явдаг нь зардлаа их тавьчихдаг. Тэгэхээр энэ их зардлаа сүүлд нь хасч чадахгүй яадаг вэ гэхээр орлогоо механикаар шахаж өгдөг. Өөрөөр хэлбэл, зардал их байна, орлого ол гэдэг. Энэ нь яагаад ч хэрэгждэггүй. Өнгөрсөн жил өмч хувьчлалаас 160 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр энэ орлого ороогүй байх жишээтэй. Тэгэхээр нэг талдаа хэрэглээндээ хөтлөгдөөд орлогоо их үндэслэл муутай шахдаг. Нөгөө талдаа төсөвт батлаад өгчихсөн, хуульчилчихсан энэ орлого оруулах ажлаа хийдэггүй. Ингээд энэ хэмжээгээр орлого тасарч эхэлдэг. Үүнээс болж төсөв дээр асуудал үүснэ дээ. Яахав ирэх оны төсөв дээр орлогоо маш сайн бодитой оруулж ирсэн нь ажиглагдаж байгаа юм.

-Төсвийн байнгын хороогоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг шинээр байгууллаа. Уг зөвлөлийн ач холбогдлыг та тайлбарлахгүй юу?

-Энэ чухал ач холбогдолтой зөвлөл. УИХ өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ засч залруулахын тулд зарим үед шаардлагагүй ч байж мэдэх механизмыг бодож олдог. Хөрөнгө мөнгө зарлагаддаг, ийм нэг чөтгөрийн тойрогт байгаа улсууд шүү дээ. Угтаа тогтвортой байдлын зөвлөл байх шаардлагатай юу гэвэл үгүй. Манай улс уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуультай улс. Уг хуулиа ягштал дагаад мөрдөөд хэрэгжүүлээд явчихдаг бол Монгол Улсын төсөв дээр ямар ч асуудал, эргэлзээ үүсэхгүй. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх явцдаа элдэв өөрчлөлт хийгээд нөгөө тогтвортой байх зарчмыг нь алдагдуулчихдаг. Тэгснээ тогтворгүй болсон төсвөө тогтвортой байлгахын тулд нэмэлт бүтэц байгуулж байна, зөв үү. Энэ талаас нь аваад үзвэл ямар ч утгагүй харагдаж байгаа юм. Гэхдээ нэгэнт төсөв тогтворгүй, замбараагүй, төсвийн сахилга бат алдагдчихсан энэ үед уг зөвлөл байгуулах зайлшгүй шаардлага үүсчихэж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдсанаар төсвийн асуудалд эдийн засгийн агуулгаар үр ашиг талаас нь хандах хэнийг нөлөөгүй бие даасан бүтэц байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр төсөв дээр ажиллаж байгаа УИХ, байнгын хэсэг, ажлын хэсэг, яамдууд өнөөдөр ямар байдалд орчихсон бэ гэхээр дээд зэргийн үрэлгэн, үр ашиг муутай, тогтворгүй, өөрсдөдөө зориулж төсвийн үзүүлэлтийг өөрчилдөг зэрэг замбараагүй байдалд байна. Тэгэхээр энэ байдлыг засахын тулд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гол үүрэг чиглэл оршиж байгаа юм. Өнөөдөр төсвийн асуудалд төрийн байгууллага, төрийн түшээдүүд зөвхөн улс төрийн өнцгөөр ханддаг болчихсон байна.

-Та түрүү нь энэ намрын чуулганаар татварын багц хуулиуд батлагдана гэж ярьсан. Олон улсын зүгээс манай орныг татварын систем тааруу улс орны тоонд оруулж, хар жагсаалтад оруулсан шүү дээ. Энэ хууль батлагдсанаар энэхүү жагсаалтаас гарах, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Татварын хуулиуд олон улсын стандартыг аваад хэрэгжүүлээд ирэхээр хоёр чиглэлээр үйлчилнэ. Татварын хуулийн концепц ч тийм байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүддээ чиглэсэн татварын хэмжээг нь багасгах, хүрээг нь тэлэх гээд нэг хэсэг бодлого байгаа.

Гол нь бүгдээрээ тэгш шударгаар татвараа төлдөг, тэгээд татвараас зугтдаггүй байх, татварын хэмжээ дарамтыг буулгах л зорилготой. 2017 оны сүүлийн хагаст Монгол Улсын татварын орчинд үнэлгээ өгөх судалгаа хийж байх явцад тэр оны арванхоёрдугаар сарын эхээр Европын холбоо Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулсан. Татварын хар жагсаалт ямар учиртай юм бэ гэдгийг тэр үед манайхан сайн ойлгоогүй болов уу. “Хар жагсаалтад орчихлоо, аюул боллоо” гээд манайхан бужигнасан. Миний хувьд магадгүй завшаантай хэрэг болсон гэж бодож байгаа. Монгол Улсад татварын ил тод байдал хангалтгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улс татварынхаа мэдээллийг олон улсын холбогдох байгууллагуудад өгөхгүй, нууж хааж байна. Уг нь бол санаатайгаар нууж хаасан юм байхгүй. Ерөөсөө татварын ил тод боловсронгуй систем байхгүй учраас бид гадагш нь мэдээлэл өгч чаддаггүй. Гадагш нь өгөх битгий хэл дотроо мэдээллээ авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж байна гэдэг үндэслэлээр манайхыг хар жагсаалтад оруулсан юм. Монгол Улс хар жагсаалтад орчихлоо гэдэг нь хүмүүст аймшиг төрүүлсэн болохоос биш яг үнэндээ манай бодит байдлыг зөв үнэлсэн. Хар жагсаалтад байгаад байвал бид бас их олон сөрөг үр дагавартай болно л доо. Хамтын ажиллагаа цаашдаа амаргүй байдалд орно. Эргэлзээ тээнэгэлзээ төрнө. Хөрөнгө оруулалт багасна.

Харин тэр үед ОУВС-гаас байгуулагдсан ажлын хэсэг энэ хар жагсаалтаас гарахын тулд Монгол Улс олон улсын татвараас зайлсхийхийн эсрэг тэмцдэг байгууллагын гишүүнээр элс, энэ чиглэлийн гэрээ конвенцид нь ор гэдэг зөвлөмж өгсөн. Монгол Улсын Засгийн газар харин энэ асуудалд маш шуурхай хандаж, 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар хуралдаад ерөөсөө Татварын ил тод байдлыг хангая. Татварын мэдээллээ олон улсад ил тод болгоё, харилцдаг болъё, энэ чиглэлээр олон улсын дүрэм, журмуудыг мөрдье гэдэг шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улс татварынхаа ил тод байдлыг сайжруулах амлалт авсан учраас бид хар жагсаалтаас гарч, саарал жагсаалтад орсон.

-Татварын багц хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?

-Үндсэндээ базаад хэлвэл хоёр том өөрчлөлт орж ирж байгаа. Нэгдүгээрт, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих. Шударга бизнесийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, улмаар татварын ачааллыг багасгаж, хүрээг нь өрөгтгөх явдал юм. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд буюу үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг хянах, татварыг ил тод болгох татвараас нуугддаг, зувчуулдаг явдлыг арилгах гэсэн чиглэлтэй байгаа. Манайханд нэг дутагдал бий. Далайд гарцгүй орон, дэд бүтцийн хөгжил султай учир гадныханд давуу нөхцөл өгч байж хөрөнгө оруулагчдыг татна гэж ярьдаг. Гэтэл дэлхий дахинд ингэж хөнгөлөлттэй нөхцөл өгөх нь тухайн оронд эргээд хохиролтой тусна гэж үздэг. Тиймээс хэд давуутай нөхцөл олгож татвараас зугтаах бололцоо олгож байгаа энэ үйл ажиллагааг хаах ёстой.

-Сөрөг хүчний зүгээс МАН 2016 онд сонгуульд ялахдаа АН-ыг иргэн бүрийг 15 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа гэж хар пиар хийж байгаад гарч ирсэн. Харин одоо өөрсдөө хүн бүрийг 22 сая төгрөгийн өрөнд оруулчихаад сууж байна гэж чуулганы индэр дээрээс хэлсэн. Энэ үнэн үү?

-Улс төрийн шүүмжлэл байнга л байдаг. Ярих яриа, хийх ажил, амлах амлалтаа аль алиныг нь бодож байж л амлалт өгөх ёстой. Огт өр тавихгүй гэж амласан бол энэ байж болохгүй асуудал. Ер нь зээл авахгүйгээр хөгжсөн улс орон, аж ахуйн нэгж гэж байдаг юм уу. Энэ үүднээс аваад үзвэл эдийн засгийн байдаг л нэг харилцаа. Өрийг зээлээр төлж байна гэдэг бол өр төлөх зах зээлийн нэг боломж. Бага хугацаатай өндөр хүү төлж байснаас бага хүүтэй урт хугацааны зээл авах нь ашигтай. Тухайн үед энэ их өр зээлээ төлж чадахгүй Монгол Улс дампуурна гээд л яриад байсан. Өнөөдөр бид дампуурсангүй. Ямар нэгэн хэмжээнд бодлогын үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу. Яг өнөөдөр гадаад өр зээлүүдээ бүгдийг нь төлж дуусгаагүй ч гэсэн зарим зээлийнхээ хугацааг сунгаад заримынх нь хүүг багасгаад л явж байгаа.

-Төрийн алба чадавхгүй боллоо, төрийн тогтолцоонд гажиг суулаа гэж ярьж шүүмжлэх хүмүүс олон байна?

-Хуучин бидний үед Төрийн албанд ажиллахын тулд олон шалгуур үзүүлэлтийг хангадаг, шүүлт өндөртэй, хариуцлагатай байж төрд байр сууриа олж ажилладаг байлаа. Ингээд бусдаасаа шалгарсан, манлайлсан хүн л дээшээ өсч, дэвшиж явдаг л байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдчихсан. Төрийн алба гэдэг сонгуульд хүчин зүтгэсэн хүнийг цалинтай байлгах нэг механизм болж. Дадлага, чадвар муутай, орон тоо бөглөсөн хүнээр төрийн алба дүүрч. Дадлагын оюутан шиг танин мэдэхүйн шатандаа яваа хүмүүсээр төрийн албаны ихэнх орон тоог дүүргэсэн байна. Үүнээс болоод төрийн албаны тоо нь өсөөд байгаа болохоос ажлын үр дүн асар бага болж. Үүнийг дагаад зардал өсч байна. Тиймээс үүнд томоохон өөрчлөлт оруулах ёстой. Төрийн алба бол цомхон чадварлаг, мэргэшсэн байж гэмээнэ сая төрийн зардал багасдаг, ажлын үр дүн нааштай гардаг. Төр суларна гэдэг ард түмэн найдвартай хамгаалал түшиг тулгуургүй болж байна гэсэн үг.

-Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хэлсэн үгэнд төрийн тогтолцоо болохгүй байгаа талаар дурдаж байсан. Мөн Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёсой гэдэг зүйлийг ярьсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд парламентийн засаглал манай улсад яг тохирсон засаглал гэж үздэг хүн. Монголчууд үүнээс илүү оновчтой тогтолцоог олж чадахгүй байх. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг ардын мэргэн сургаалтай ч бүрэн нийцэж байгаа гэж ойлгодог. Төрийн үйл ажиллагаа суларч, төр доройтож байгааг зөвхөн тогтолцоотой холбон үзэх нь учир дутагдалтай юм. Байгаа тогтолцооны хүрээнд үр ашигтай ажиллуулах боломж бололцоог бид хэр ашигласан юм. Би хувьдаа ашиглаж чадаагүй гэж боддог. Яг үнэндээ монголчууд бидэнд салан баавгайн үлгэрийн зарчим шиг нэг тийм сониучхан, юмыг амархан мартдаг зан бий. Бурууг бусдаас хайдаг. Тогтолцооноос болоод бүх зүйл буруудчихсан гэвэл тийм биш. Энэ төрийг бүрдүүлж байгаа нам, түүнийг төлөөлж төр засагт гарч ирсэн удирдлагуудын үйл ажиллагаа арга барилтай холбоотой. Тогтолцоондоо асуудал байдаг гэвэл байдаг л байх. Гэхдээ бүх болохгүй зүйлээ тогтолцоо руугаа чихэж байгаа нь буруу. Асуудал юундаа байна вэ гэхээр хүндээ л байгаа юм. Энэ төр, нийгмийг зөв зохион байгуулаад аваад явах чадвартай удирдагчид нь гарч ирвэл үүнээс илүү үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт би итгэдэг. Бид л энэ тогтолцоог нураасан. Хууль болгоноос нь зулгаасаар байгаад л тогтолцоог юу ч биш болгосон. Тиймээс сонгодог парламентынхаа тогтолцоог бэхжүүлж, түүнийхээ давуу талыг ашигллаж явах нь илүү оновчтой.

-Оюу толгойн үр өгөөжийг нэмэх лобби бүлэг байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрчээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-аас гарсан Ажлын хэсэгтэй хэрхэн хамтарч байна вэ?

-Лобби бүлэг байгуулагдсанаас хойш нэлээд өргөн хэмжээний судалгаа хийж байна. Эрх зүйн бүх акц, гэрээ хэлцлүүд, засаг төрөөс гаргасан бүх тогтоол, шийдвэрийг судалж гишүүд нэгдмэл ойлголттой болсон. Нэг үгээр Оюу толгойн гэрээг шинэчилж, Монголын талд үр өгөөжтэйгөөр шинэчлэлт өөрчлөлт оруулахаас аргагүй юм аа гэдэг байр суурин дээр бид хатуу нэгдсэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэгтэй бид хамтарч ажиллаагүй. Яахав, лобби бүлгийн гурван гишүүн Ажлын хэсэг дотор ажиллаж байгаа. Ажлын хэсэг хараахан дүгнэлтээ эцэслэж гаргаагүй байна.