Г.Занданшатар: Оюутолгойн гэрээ бидэнд илүү ашигтай болох суурь нөхцөлийг бүрдүүллээ
2018.10.10

Г.Занданшатар: Оюутолгойн гэрээ бидэнд илүү ашигтай болох суурь нөхцөлийг бүрдүүллээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сараас хойш Оюутолгойн гэрээ, хэлцлийг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, Рио Тинто групптэй хийлээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах манай талд үзүүлж буй эдийн засаг, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.

Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн зээлийн хүү буурснаар хэрэгжинэ. Оюутолгойгоос манай улсын эзэмшиж буй 34 хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтын гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ өндөр хүүг бууруулах зарчмын шийдэл тохиролцоонд хүрч байна.

Оюутолгой компанийг эрчим хүчээ Монголоос авах ёстой гэсэн маргаан байсан. Оюутолгой компани 150 орчим сая долларын цахилгаан эрчим хүчийг импортоор авч ашиглаж байна. Тийм учраас цахилгааныг дотоодоос авах ёстой гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Харин одоо Тавантолгойд цахилгаан станц барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрсэн.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. 35 сая долларын татвар төлүүлэхээр боллоо. Гэхдээ нийт тавигдаад байгаа татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас арбитраар шийдвэрлэх болно. Нийт 150 сая долларын татварын асуудал хөндөгдөж байгаа. Энэ чиглэлээр бид УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч гадаадын мэргэжилтнүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах болно" гэлээ. 

Мөн 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 

Т.ХУЛАН