"Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгох хуулийн төслийг хэлэлцлээ
2018.10.11

"Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгох хуулийн төслийг хэлэлцлээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Ундармаа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. 

Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж буй аж.

Хуулийн төслийг НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа.

Тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Б.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 нь дэмжлээ.