Н.Цэрэнбат 2018.10.11 | medee.mn

Н.Цэрэнбат: Утааны шүүлтүүрийг 200 доллараар янданд суурилуулна

Н.Цэрэнбат: Утааны шүүлтүүрийг 200 доллараар янданд суурилуулна

2019 онд агаарын бохирдлыг бууруулахад нийт 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна.

Тус мөнгөөр сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100.000 айлын янданд утаа шүүгч байрлуулах гэх мэт ажлыг хийнэ хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдээд байгаа юм. Айлуудын янданд суурилуулах яндангийн тус бүрийн үнэ 200 доллар буюу 500 гаруй мянган төгрөг байна гэх мэдээлэл байгаа юм. Энэ мэдээлэл үнэн болох цаашлаад аль улсад үйлдвэрлэсэн утаа шүүгчийг ямар нөхцлөөр айлуудад өгөх зэрэг асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 200 долларын утаа шүүгчийг 100 мянган айлын янданд суурилуулна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм. 100 мянган айлын янданд суурилуулахаар төлөвлөөд байгаа.

-17 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшний үйлдвэр бариад Монгол нүүрсэнд туршилт хийхэд технологи нь зөрж бүтэлгүйтсэн. Гэтэл үйл ажиллагаа явуулахгүй байгаа энэхүү үйлдвэртээ дахин сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэлээ. Дахин технологи нь зөрөөд бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь нүүрснээс хийжүүлэх технологи нь алдаатай болсноос бус сайжруулсан түлш үйлдвэрлэх явцад нь алдаа гараагүй.

-Өмнө нь утаагүй гэх зуух тараасан ч утаа арилаагүй. Одоо янданд суурилуулах шүүлтүүр утаагүй зуухны түүхийг давтах вий?

-Өмнө нь зуух тараасан. Энэ удаа шүүлтүүр тараах гэж байна гэж шүүмжилж байгаа. Тэгвэл ард иргэдийн эрүүл мэндийг хэн хамгаалах юм. Одоо зоригтой алхмуудыг хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ. Утааны шүүлтүүр авсан айлууд бар код, смарт апплейкшнтэй болно. Цахилгаан түгээх сүлжээ компани нь түүнийг хянаад явна.

-Аль улсад үйлдвэрлэгдсэн яндангийн шүүлтүүрийг тараах юм бэ?

-Хятадын Haier компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. Тус компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгсөн. Уг компанийнхан ирэх долоо хоногт Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулна. Энэ бол маш хариуцлагатай ажил. Хүмүүс угаартахаас эхлээд эрүүл мэндтэй нь холбогдох асуудал. Haier компанийн эрчим хүчний технологийн компанийн төлөөлөл Ерөнхий сайдтай уулзсан. Бид тэдэнд хандсанаар хамтарч ажиллахаар болсон. Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа.

-Утааны шүүлтүүрээс өөр сонголт байгаагүй юу?

-Би энэ талаар өнөөдөр ч маргааш ч ярина. Гэр хороолол дахь гэр бүр өөр радиустай байдаг. Мөн дулаалга бүр нь өөр байна. Тэнд стандарт гэх зүйл огт алга. Би өнгөрсөн хугацаанд Солонгос, Германы эрдэмтдийг урьж хамтарч ажилласан. Ингээд бид 200 гаруй гэрт судалгаа хийсэн.

Судалгаанд хамрагдсан айлын гэр бүгд өөр радиуст байна. Тэгээд 18 төрлийн зуухыг хэрэглэж байна. Ингээд ямар ч стандартгүй байгаа учраас яндан дээр нь индукцин шүүлтүүрийг нь тавъя гэдэгт санал нэгдсэн.Энэ жилийн хувьд айлуудыг дулаалгаа сайн хийж далайд дусал болно уу гэж байгаа.Утааны шүүлтүүрийг айлуудад үнэгүй тараана. Гэхдээ үндсэн үнийг төрөөс татаас хэлбэрээр төлнө. Агаарын бохирдолтой тэмцэх мөнгөөр орон сууц барих ёстой гэх шүүмжлэл бий.

Өнгөрсөн жил Монгол улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд дөрөвхөн мянган айлыг орон сууцтай болгох юм. Дөрөвхөн мянган айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй.

Тиймээс гэр хороолол дахь 100 мянган айлын янданд индукцин шүүлтүүрийг байрлуулаад өгье гэж байгаа юм. Ингэхээр бага хордоно. Энэ хоорондоо дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлье гэсэн юм. Нэг байрыг нэг жил орчим барина. Нэг жил алдах гээд байна шүү дээ. Богино хугацаандаа ажлаа хийе. Харин урт хугацаандаа орон сууц барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдье л гэж байгаа юм.  Нэг айлыг 80 саяар байранд оруулах боломжгүй юм чинь 500 мянган төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих гээд байгаа юм.

-Нүүрсийг хаа холын Тавантолгойн “Энержи Ресурс”-аас татаж буй нь ямар учиртай юм бэ? Тээвэрлэлтийн зардалд их мөнгө зарцуулах юм биш үү?

-Сайн чанарын нүүрс хэрэглэх ёстой юм. Эрүүл мэнддээ бид жилд 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа биз дээ. Ийм байхад хаанаас нүүрс авчрах нь чухал юм уу.  Нүүрсээ үнэгүй татна. Одоо татаад эхэлчихсэн байгаа.

-Сайжруулсан түлшийг хэзээнээс тараах вэ?

-Эхлээд багахан тойрогт сайжруулсан нүүрс тараана. Түлшээ үйлдвэрлээд эхэлчихсэн. Одоо талбай дээр танилцуулах гэж байна.

Т.ХУЛАН