Бямбацогт.С Саранчимэг.Б 2018.10.11 | Vip76.mn

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг 2018 оны 9 сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах шаардлага нь хэдийгээр иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж үзэн залруулах алхам боловч түүнийг дагаж тушаалаар ажил үүргээ гүйцэтгэдэг, тодорхой эрхүүдээ хуулиар хязгаарлуулдаг, байнгын бэлэн байдалд ажиллаж амьдардаг онцлогтой төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэр буурах ёсгүй хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийллээ.  Ийнхүү тэтгэвэр буурах нь зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаагийн байгуулага, хил хамгаалах, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын олон мянган албан хаагчдын итгэл мөхөсдөх, сөрөг уур амьсгал бий болох улмаар ажлын бүтээмж буурах, салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх сөрөг үр дагавартай гэж үзжээ.

Хуулийн төслийг НББСШУБХ-ны хурлаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Б.Бат-Эрдэнэ,  О.Батнасан, М.Билэгт,  Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, О.Содбилэг нар асуулт асууж, үг хэллээ.

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 нь дэмжлээ.