У.Хүрэлсүх: Монгол улс хүнсний орон болох ёстой гэдэг зорилт тавьж байгаа
2018.10.11

У.Хүрэлсүх: Монгол улс хүнсний орон болох ёстой гэдэг зорилт тавьж байгаа

Цоохортон харагдах цасан дунд ногоон гацуур сүндэрлэн ахуйд тариалангийн талбайд комбайн ургацаа түрэн урагшилна. Бороо, цастай тэмцэлдэн тариан толгой бөхийсөн ч итгэл нь бөхөөгүй тариаланчаар Сэлэнгийн нутаг дүүрэн байна.

Тэднийг дахин цас орж, хүйтрэхээс урьтаж ургацаа хураах ажилдаа яаравчлан шамдах үеэр төр засгийн удирдлагууд очиж, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон албаны хүмүүс тариалангийн бүс нутагт ажиллах хоёр дахь өдрөө Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд очсон юм. Тариаланчидтай уулзах үеэр тэдний ихэнх нь дотоодын буудайг дуустал импортын буудай оруулж ирэхгүй байх, буудайны үнийг нэмэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар Ерөнхий сайдаас хүсч байлаа. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчид, гурилын үйлдвэрийнхэнтэй гурван талын уулзалт хийж, дотоодын улаанбуудайг дуустал импортоор улаанбуудай оруулж ирэхгүй байх шийдэлд хүрсэн нь түүний энэ удаагийн томилолтын онцлох шийдвэр байв.

Ш.Оргил: Ургац алдахгүйн тулд дор бүрнээ хичээн ажиллаж байна

Сэлэнгэ аймагт тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг байна.

Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мянган га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил албаныханд  танилцуулж байлаа. Тус аймгийн хувьд энэ жил 194.7 мянган га-д тариалалт хийснээс 3280 га тэжээлд шилжиж, 5012 га ургац алдаж, 186.4 мянган га талбайгаас 223.8 мянган тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

Одоогоор 135.5 мянган га-аас 24107 га-г ангилан, 35904 га-г шууд хурааж, 71819.3 тонн ургац, 2179 га талбайгаас төмс хураан авсан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, улаанбуудайн хураалт 46 хувьтай байгаа ч ургац алдахгүйн төлөө дор бүрнээ хичээж ажиллаж байгааг аймгийн удирдлагууд хэлж байсан юм.

Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр тариаланчид үр тариагаа амжилттай тариалж, ургац хураах үeд цаг агаараас шалтгаалсан хүндрэл гарсан ч даван туулах чадвартай байгааг онцолсон. Тэрбээр тариаланч, малчдын хооронд тулгардаг асуудлыг зохицуулах зорилгоор аймгийн Ургацын комисс хуралдаж, ургац хураалт дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аймаг, сум орон нутгийн бүх шатны албан тушаалтнууд хамтарч ажиллахаар болсон талаар мэдээлэв. Улмаар ургац хураалт болон тээвэрлэлтэд ямар нэг саад учруулахгүй байхад хяналтын байгууллагууд, багийн дарга нар, малчид хамтарч ажиллаж буй аж.

Гэсэн ч тариалангийн талбайд мал орох асуудлаар малчин  тариаланчийн хооронд маргаан тасрахгүй байгаа учир эрчимжсэн мал аж ахуйд шилжих, малын тоо толгойг цөөлөхөд анхаарч ажиллах шаардлагатайг Д.Мөнхтөр дарга хэлж байлаа. Түүнчлэн тус аймагт тулгамдсан асуудлын нэг нь ургац тээврийн 110 километр зам бөгөөд үүнийг сайжруулаагүй, асфальтаар хучаагүйгээс жил бүр аймгаас төсөв гаргаж өнгөн хэсгийг хусах шаардлага үүсдэг байна. Давхардсан тоогоор 20 мянган иргэний ирж очдог уг замыг засчихвал олон мянган тариачин, өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих, цаашлаад шороо тоосноос иргэдийн эрүүл мэндийг хамгаална гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байсан юм.

Улмаар албаныхан “Их шинэстэй” компани болон “Арвин бэлчир” компанийн ургац хураалт, үтрэмийн ажилтай танилцав.

“Их шинэстэй” компани нь Ерөө суманд 1997 оноос одоог хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд 6000 гаруй га эргэлтийн талбайтай, жилд 2500-3000 га-д улаан буудай тариалж 2000 гаруй га-д уринш бэлтгэдэг байна.

Үүнээс гадна иж бүрэн засварын газар, 2000 тоннын хүчин чадалтай үр цэвэрлэгээний механикжсан үтрэмтэй аж. Улмаар Монголд анх удаа төслийн нэгжтэй хамтран элдэншүүлэггүй уринш бэлтгэх технологийг нэвтрүүлэн тогтвортой ургац авч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар иржээ.

Харин “Арвин бэлчир” компани нь Хүдэр суманд үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд эргэлтийн талбай 1754.16 га, газар тариалангийн үйл ажиллагаа бүрэн механикжсан, зөөврийн засварын цех, явуулын цайны газар, ажилчдын тохилог байртай, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгж юм.

Үр тариа, төмс тарихдаа бордоо болон усалгаатай тариалан эрхэлж, услалтын системийн тоног төхөөрөмжийг бүрэн  ашигласнаар  сүүлийн таван жилд 40-70 га-д төмс тариалж, 200-350 цн ургац хураан авсан талаар тус компанийн удирдлагууд танилцуулж байлаа. Тус компанийнхан энэ жил 1200 га талбайд “Алтайский-75” сортын  улаанбуудай,  30 га-д төмс,  50 га-д овьёос тариалжээ. Ургац хураалт оройтсон хэдий ч 7-10 хоногт бүрэн хурааж дуусгах юм байна.

4.1 тэрбум төгрөгөөр 430.5 км хашаа барина

Өнгөрсөн хавар төрөөс тариалангийн бүс нутгийг тогтоож өгсөн нь тариаланчдад маш том дэмжлэг болсон талаар тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархаж байв.

Гэхдээ тариан талбайг хашаажуулж эхэлсэн ч хашааг нурааж, сэтлэн талбайд мал орох асуудал тасрахгүй байгааг тариаланчид учирлаж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр эхний ээлжид Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан Тариалангийн бүс нутгийг тогтоосон байдаг. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбар нь жинхэнэ утгаараа “Хүнс экспортлогч улс” болох зорилтод хүрнэ гэж үзэж байгаа аж.

Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаас эхлэн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт  4.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 километр хашаа барих ажил хийх ажээ. Түүнчлэн тариалангийн хөрсийг салхинаас хамгаалахын тулд ойн зурвас байгуулах талаар салбар яамныхан ажиллаж байгаа юм байна.


У.Хүрэлсүх: Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хоёрыг хоршуулах ёстой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчидтай уулзах үеэрээ хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

-Та өнгөрсөн хавар тариалалт эхлэхэд тариалангийн бүс нутагт ажилласан. Одоо ургац хураалтын үеэр мөн ажиллаж, төрөөс гаргасан шийдвэрүүдийн биелэлт, үр дүнг шалгаж байна. Ажлын үр дүн ямар байна вэ?

-Өнгөрсөн хавар тариалалтын бүс нутгаар явж тариалалтын ажилтай танилцсан. Бид тариагаа тарьж, ургацаа сайн авах ёстой. Засгийн газар Монгол Улс хүнсний орон болох ёстой гэдэг зорилт тавьж байгаа. Манайх хүнсний орон болох боломжтой улс. Бид эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах шаардлагатай байгаа юм. Тиймээс Засгийн газар болоод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалалтад анхаарч, тариаланчдад тодорхой дэмжлэг үзүүлсэн. Одоо ажлынхаа үр дүнг шалгаж байна.

Төв, Сэлэнгэ, Дархан аймагт хоёр хоног ажиллалаа. Тариаланчид маань урам зоригтой байна. Энэ жил байгаль цаг уур сайхан байж, тариа сайн ургасан. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ сайн ургасан. Гэхдээ өнгөрсөн сарын сүүлчээр цас орсон нь ургац хураалтын ажилд хүндрэл үүсгэлээ.

Гэхдээ тариаланчид 10-14 хоногт ургацаа хурааж авах боломжтой гэж сэтгэл өөдрөг ажиллаж байна. Ирэх жил Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой болно. Ойн босгон дээр тариаланчид өндөр амжилт гаргая гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байна. Энэ ч бас тодорхой хэмжээнд биелж байгаад Ерөнхий сайдын хувьд баярлаж байгаа.

-Цаг агаарын хүндрэлээс шалтгаалж, тэжээлд шилжих ургацын хэмжээ нэмэгдэж магадгүй гэсэн. Улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж байна уу?

-Ургацын урьдчилсан балансаар 450 гаруй мянган га-д үр тариа тарьсан. Үүнээс 420 мянган га-гаас улаанбуудай хурааж авах ёстой. Төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Улаанбуудайгаа хураагаад авчихвал энэ жил гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг хангана.

-Та Монгол Улс хүнсээ экспортолсноор нэг тэрбум гаруй ам.доллар олох боломжтой гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй цаашдаа экспортолдог болох хэрэгтэй. Бидэнд хоёр том хөрш байна. Манай улс хүнсээ гаргаснаар нэг тэрбум гаруй ам.доллар олох бүрэн боломжтой. Тиймээс хүнсний орон болох ёстой юм. Манай улс зөвхөн уул уурхайг шүтэж амьдарч болохгүй.

Уул уурхайн бүтээгдэхүүн хязгаарлагдмал. Харин хөдөө аж ахуй, газар тариалан Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн, цаашдаа ч тэжээнэ. Олон тулгуурт эдийн засагтай байя гэвэл уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ёстой. Ингэж байж улс орны эдийн засаг тогтвортой байна. Тариаланч, гурил үйлдвэрлэгч, Засгийн газар гурван талын уулзалт хийлээ. Энэ гурван тал сайн хамтарч ажиллах ёстой.

-Газар тариалангийн салбарт залуу боловсон хүчин дутагдалтай гэж байна. Энэ асуудлаар Засгийн газар ямар бодлого гаргах вэ?

-Газар тариалангийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарах ёстой. Энэ жил Засгийн газар 2019 оны төсөвт МСҮТ-д сурч байгаа залуучуудад сар бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийг суулгаж байгаа.

Өөрөөр хэлбэл, мэргэжилтэй, ажилтай боловсон хүчин бидэнд хэрэгтэй байна. Токарьчин, гагнуурчин, слесарь гэх мэт мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Тиймээс газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг сургаж бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд дэмжих ёстой юм байна. Ажлын байр хөдөө аж ахуйд хамгийн их байна.

-Өнгөрсөн хавар тариаланчид тариалангийн бүс нутгийг тогтоож өгөхийг хүсч байсан. Энэ удаа ямар дэмжлэг авахыг илүүтэй хүсч байна вэ?

-Засгийн газраас Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Энэ бол эрх зүйн хувьд маш чухал зүйл болсон. Үүнд тариаланчид их баяртай байгаа. Малчид ч бас ойлгож байгаа. Газар тариалангийн бүсэд амьдарч байгаа малчид эрчимжсэн мал аж ахуйтай болох зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.

Тариаланчидтай уулзахад “Тариалангийн бүс нутаг тогтоосон нь их чухал ажил болсон. Засгийн газарт баярлаж байна. Гэхдээ үргэлжлүүлээд ажлаа хиймээр байна. Хашаажуулж, хөрсөө хамгаалах асуудал байгаа” гэж хэлж байсан. Монгол Улс хөрс хамгаалах асуудалд ихээхэн анхаарахгүй бол болохгүй. Хөрсний сүрлэн хөрсийг мал идчихдэг, хөрс нь нунтаг болж салхинд хийсчихдэг. Тиймээс тусгаар тогтнолоо хамгаалах гэж байгаа бол хөрсөө хамгаалах ёстой. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбар хоршиж ажиллах ёстой юм. Мөн атаршсан газрууд бий. Тиймээс атаршсан газруудыг эргэлтэд оруулж, тариан талбайг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улсын газар нутгийн 0.5 хувьд нь л газар тариалан эрхэлж, 3.2 сая хүний хүнсийг гаргаж байна. Тиймээс бид асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй.

Цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамруулахыг хүслээ

Түүнчлэн Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарын тариалангийн бүс нутагт ажилласан томилолт Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” компанийн хүлэмжийн аж ахуйтай танилцсанаар өндөрлөсөн юм. Цаг уурын доройтол эрчимтэй явагдаж байгаа энэ үед хүлэмжийн аж ахуйг дэмжин, хөгжүүлэх нь улс орны иргэдийн хүнсний баталгаат байдлыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болохыг хүнсчид онцолж байв. Ингэхдээ хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд бага хүүтэй урт хугацааны зээл олгох, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, ангилах, савлах, ложистикийн төв байгуулах, цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамруулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч байлаа.


Засгийн газрын хуралдаанаар тариалангийн салбарт шаардлагатай шийдвэрүүдийг гаргалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилолтын дараа буюу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар тариалангийн бүс нутгийн нөхцөл байдлыг хэлэлцүүлж, тодорхой шийдвэр гаргаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал, улаанбуудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт даалгасан байна.

Мөн импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжид дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байхаар болжээ. Улмаар хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацын автомашины тоог нэмэхээр болов. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засахаар шийдвэрлэлээ. Ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулах чиглэлээр ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод үүрэг болгосон бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн нэгдлийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлыг санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан байна.