Батзориг.Б 2018.10.12 | Vip76.mn

Амьтан, ургамалын гаралтай түүхий эдийг хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн асуудлыг хэлэлцлээ

Амьтан, ургамалын гаралтай түүхий эдийг хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн асуудлыг хэлэлцлээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танилцууллаа. 

Тэрбээр, Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсантай холбогдуулан уг хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг онцоллоо.

Хуулийн төслийг БОХХААБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Ийнхүү Байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураалт явуулахад хуралдаан доролцсон гишүүдийн 74.0 хувь нь дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлэв.