С.Чинзориг: Таван тэрбум төгрөгөөр тойргийнхоо бүхий л зовлонг шийдэж чадахгүй
2018.10.12

С.Чинзориг: Таван тэрбум төгрөгөөр тойргийнхоо бүхий л зовлонг шийдэж чадахгүй

Энэ сарын 10-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, төсвийн хуваарилалтын асуудлаар нэлээн шүүмжлэл өрнүүлсэн, зарим УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг өөрийнхөө тойрогт 50 тэрбум төгрөг суулгасныг гишүүд шүүмжилж, нэлээн маргаан дэгдээсэн гэх мэдээлэл байгаа юм.

Мөн хөдөөгийн гишүүдэд таван тэрбум төгрөг суулгасан мөртлөө хотоос сонгогдсон гишүүдэд нэг тэрбумыг төсөвлөснийг шүүмжилсэн гэдэг. Энэ талаар болон 2019 оны төсвийн төсөл тойрсон асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос дараахь тодруулгыг авлаа.

-2019 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг ялгавартай хуваарилсан байна гэх мэдээлэл бий. Тухайлбал, ихэнх УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч Увс аймгийн нэг тойрогт 50 тэрбум төгрөг тусгасныг танай бүлгийн гишүүд шүүмжилсэн гэдэг. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-УИХ-ын гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалттай холбоотой материалыг олж үзээгүй байна. Харин салбарынхаа хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд л хөрөнгө, мөнгөө зарцуулъя гэсэн бодолтой ажиллаж байна.

-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?

-Тав орчим тэрбум төгрөг.

-Тойрогтоо ажил явуулахад энэ мөнгө хүрэлцэх үү?

-Хэрэгцээ асар их. Гэхдээ эдийн засаг боломжийн хэрээр өсч, төсвийн орлого сайжирч байна. Түүнийг дагаж буй хөрөнгө оруулалт бага ч гэсэн нэмэгдэж байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрог 12 сумтай, бүгдэд нь зовлон бэрхшээл бий.

Энэ таван тэрбум төгрөгөөр тэр бүгдийг шийднэ гэвэл бүтэмжгүй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай газарт нь таван тэрбум төгрөгийг оруулж өгнө. Дараа нь 2020 онд үлдсэн хэсгийнх нь ажлыг хийж болох юм. Бүгдийнх нь зовлон, бэрхшээлийг нэг дор шийдэх боломжгүй.

-Зарим сайдын тойрогт яагаад 40 тэрбум төгрөг тусгасан юм бол?

-Би түүнийг мэдэхгүй байна. Сайдаас нь асуу.

-Цалин, тэтгэвэр нэмэхэд 720 тэрбум төгрөг зарцуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Олон улсын байгууллагуудтай хамтраад санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газраас сүүлийн нэг жил төсвийн сахилга батыг сайжруулах ажил хийснээр бас ч гэж эдийн засаг сайжирч байна. Гэхдээ бүрэн сайжраагүй. Тийм учраас ОУВС-аас манай эдийн засгийг бага зэрэг эмзэг байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор мэдрүүлэх зорилготой ажиллаж байна.

Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Нийт 267 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшингээс доогуур байдаг. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлье гэсэн зарчим баримталж байна. Энэ зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөг тусгаж байгаа.

-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр  100 мянган төгрөг өгөхөөр төсөвлөсөнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг залууст эзэмшүүлэхийн тулд анхаарал тавьж байна. Энэ хүрээнд 41 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст өгнө. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст 100 мянган төгрөг өгнө. Энэ арга хэмжээг авснаар мэргэжилтэй боловсрол эзэмших залуусын идэвх сайжирна. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо өндөр байдаг.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 20 тэрбум төгрөг, бага орлоготой иргэдийг ядуурлаас гаргаж орлогыг нэмэгдүүлэх халамжийн шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 10 тэрбум төгрөгийг анх удаа зарцуулах гэж байна. Нийт найман арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өмнө нь ийм хэмжээний мөнгийг төсөвлөж байгаагүй болно. Одоо яг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр бодит ажил хийх гэж байна.

-Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ?

-Цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараасаа хамааран цалинг тогтооно. Бид энэ судалгаанд үндэслэн албан тушаалынх нь зэрэг дэвийг дахин тогтооно. Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилээс бодитоор нэмнэ. Даатгалын сангаас орж байгаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ. Яг хэдэн хувь хэмжээгээр нэмэх шийдвэрийг тухайн үед гаргана.

Нийгмийн хамгааллын салбарын шинэ хуулиуд, тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Энэ онд 13000 малчин тэтгэвэртээ гарна гэж тооцоолж байна. Нийт 40 тэрбум төгрөгийг энэ чиглэлд суулгаж өгсөн. 5700 малчин тэтгэврийн насыг нь урагшлуулсан хуулийн дагуу эрт тэтгэвэртээ гарна. Он дуусах хүртэл энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэх боломж бий юу?

-Нэмэгдүүлэх байр суурьтай байгаа. Гэхдээ энэ жил хөрөнгө, санхүүгийн боломжийн хувьд сайнгүй байгаа учраас нэмэгдүүлэх боломжгүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 47 хувьтай байна гэж мэдэгдсэн. Гэтэл сөрөг хүчин үүнийг бодит бус тоо гэж мэдэгдэж байна. Та юу хэлэх вэ?

-Сөрөг хүчин бол сөрөг хүчний байр сууринаас л хандана шүү дээ. Гэхдээ бүх зүйлийг харлуулж болохгүй. 47 хувь бол харин ч боломжийн үзүүлэлт. Нийгмийн хамгааллын чиглэлийн мөрийн хөтөлбөрүүд нэлээн сайн биелэлттэй явж байна.

Т.ХУЛАН