Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохыг дэмжив
2018.10.12

Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохыг дэмжив

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулйн төслийг Засгийн газраас 2018 оны 09 сарын 06-нд өргөн мэдүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хуулийн төслийг танилцуулав. 

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Салбарын сайд илтгэлдээ, иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол Улс нэгдэн энэ хэлэлцээрт нэгдэж орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах, ингэснээр арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. Мөн зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болно. Түүнчлэн агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг дурдлаа.

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа. Тус байнгын хорооноос хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Л.Болд, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.

Ийнхүү байнгын хорооны саналаар Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.