Ж.Бат-Эрдэнэ 2018.10.15 | Baabar.mn

Ж.Бат-Эрдэнэ: “Алуурчин” гэж цоллуулаад явах тийм сайхан уу?

Ж.Бат-Эрдэнэ: “Алуурчин” гэж цоллуулаад явах тийм сайхан уу?

Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Бидний мэдэж байгаачлан та бол яалт ч үгүй энэ салбарын хүн. Яг Төрийн нарийн бичгийн даргаар хэр удаан ажилласан билээ?

-Таван жил. Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж байхад хоёр Засгийн газар дамжиж ажилласан. 

-Сая сайдаар ирээд хэдэн хүнийг ажилд томилсон бэ?

-Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Авто замын газрын даргыг шинэр томилсон. Хоёр л хүн сольсон байна. 

-Сайдын эрх мэдэл хязгаартай. Бүх томилгоо Төрийн нарийн, Төрийн албаны зөвлөлөөс хамааралтай хийгддэг?

-Мэдээж Төрийн нарийн бичгийн даргаар дамжиж хийгдсэн. Ажлын шардлага байсан учраас би энэ хоёр хүнийг томилсон. 

-Сая золгүй байдлаар нас барсан хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа танай төрийн нарийн ТАЗ рүү явуулчихсан байсан гэсэн. Яагаад танд хэлээгүй мөртлөө Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь энэ асуудлаар талийгаачтай уулзсан юм бэ?

-Угаасаа яамны боловсон хүчнийг ТАЗ-өөс тавьсан шаардлагын дагуу шалгуурт тэнцүүлж ажиллуулах нь төрийн нарийний ажил. Тэрийг нь гүйцэтгэгч нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Төрийн ажил явдгаараа л явсан байхгүй юу.

-Тэгвэл та яагаад түүнд нь саад болсон юм бэ? Талийгаачийг ажлаа хий, төрийн албаны шалгалтаа ч өг. Өөр яриа байхгүй гэсэн байсан?

-Би тэр хүнийг ажиллуулах сонирхолтой байсан. Яагаад гэвэл тэр хүн муугүй ажиллаж байсан. Тиймээс ТЗУГ-ын даргад “ТАЗ рүү явдаг бичиг сачгаа зогсоо” гэсэн. 

-Зөвхөн ажлын шаардлагаар ажиллуулья гэсэн юм уу? Эсвэл өмнөх сайдын захисан хүн учраас уу?

-Нэгдүгээрт тэр хүн ажлаа муугүй хийж байсан хүн. Хоёрдугаарт таны сая хэлсэн шалтгаан ч бас байсан. 

-Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед томилогдсон, өмнөх сайд захиж үлдээгээд явсан юм байна аа гэж ойлгосон. Экс Ерөнхий сайдтай хамаатан садан юм уу?

-Хамаатан биш байх аа. Зүгээр нутгийнх нь залуу юм байна гэж ойлгосон.

-Б.Махбал гэдэг хүн энэ яаманд хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажлаа эхэлсэн, эрх зүйч мэргэжилтэй хүн гэсэн. Салбарын хувьд “мэргэжлийн” хүн мөн үү?

-Намайг 2000 онд Авто замын газрын даргаар очиход Дэд бүтцийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн хийж байсан. Түүнээс хойш хуулийн хэлтсийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, ТЗУГ-ын дарга, Авто тээвэр, авто замын газрын дарга хийж байсан, салбартаа мэргэшсэн хүн. Намайг төрийн нарийнаар ажилласан таван жилийн хугацаанд хамт ажилласан. Төрийн захиргаа, удирдлага талдаа мэргэшсэн хүн. Сая ажил авсныхаа дараа ч яамны дотоод үйл ажиллагааг цэгцлэхэд их ажил хийсэн. 

-Тэрэндээ жаахан эрэмшдэг байсан юм уу? Хувийнх нь араншингийн асуудлаар хэвлэлээр маш их гарсан. Эрэлхүү, дээрэлхүү, хүн зоддог, агсан тавьдаг гээд?

-Миний харахад лав тийм хүн биш ээ. Хатуу догшин характертай ч хүн биш. “Тэр чинь болохгүй. Тэр хуулийг зөрчиж байна. Энэ чинь болохгүй, энэ хуультай зөрчилдөж байна” гээд шууд хэлдэг түс та зантай л хүн. “Улаан хөлтийг урдуураа гаргахгүй” гэдэг шиг хууль бус юмыг хажуугаараа өнгөрөөдөггүй, хаанаас ч юуг ч гогдоод гаргаад ирдэг. Дээр нь энэ яаманд хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан гэдэг утгаараа салбарыг тэр чигээр нь мэдэж байх ёстой хүн байхгүй юу.

Иргэний нисэх дээр, төмөр зам дээр юу болж байна, энэ салбар хаана юу болохгүй байна, хууль дүрэм нь ямар байна гэдгийг бүгдийг мэддэг хүн. Тийм учраас би энэ яамны бүх бичиг сачгийг Махбалын гараар төвлөрүүлж гаргаж байсан. Хэрвээ ямар нэг хууль дүрэмд харшилсан, зөрчилдсөн юм байвал энэ хүний толгойтой ярихаар итгэж ажиллуулсан. 

-Ерөнхийлөгч танд энэ хүнийг тавь гэж шахаагүй гэж үү?

-Үгүй. Би өөрөө Б.Махбалыг авчирч ТЗУГ-ын даргаар тавиад бүх ажлыг даалгасан. Д.Наранпүрэв гэж өмнө нь энэ яаманд ТЗУГ-ын дарга, Тээврийн газрын дарга хийж байсан хүнийг зөвлөхөөрөө авсан. Нэгийг нь Ерөнхийлөгчийн хүн, нөгөөг нь Батхүүгийн хүн, “АН-ын хоёр хүнийн ажилд тавьчихлаа” гээд өчнөөн л яриа гарсан. Би хоёулантай нь 5-6 жил хамт ажилласан. Ажлаа хийлгэхийн тулд энэ хүмүүсийг авчирсан.

Б.Махбалыг Ерөнхийлөгчийн хүн л гэнэ, Ц.Дашдорж сайдын үеэс л энэ яаманд ажилласан хүн шүү дээ. Д.Наранпүрэвийг Батхүүгийн хүн л гэнэ. Х.Баттулга сайд байхдаа “Наад хүнээ явуул” гэхэд нь “Би ажлаа хийлгэнэ ээ” гээд авч үлдэж л байсан. Тэгэхээр миний л хүн болж таарах гээд байна шүү дээ. Тэгж л хэн нэгэнд хаяглах гээд байгаа бол. 

-Болсон явдлыг Б.Махбал талийгаачийн ажлыг авах гэж шахсанаас болсон гэдэг таамаг одоо хүртэл олон нийтийн дунд бат суучихаад байгаа. Та үнэхээр тийм зүйл байсан эсэхийг мэдэхгүй гэж үү?

-Хоёулаа илэн далангүй ярья. Одоо ч гэсэн болсон явдлыг ойлгохгүй олон хүн байна. Миний хэлсэн болгоныг хүн болгон ойлгож хүлээж авахгүй байна. Хэрэг гарсны дараа хэтэрхий их буруу мэдээлэл явчихсан учраас түүн дотор Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүний хэлж байгаа үг жин дарахгүй байна. ТЗУГ-ын дарга, талийгаач хоёрын хооронд ямар яриа хөөрөө болсон, бие биедээ ямар хандлагатай байсныг би мэдэхгүй шүү дээ.

Тэрийг үзчихсэн юм шиг хажуугаас нь “ажлыг нь авна” гэж дарамталсан барьсан гээд байдаг. Тэр бол ТАЗ-өөс ирсэн шаардлагын агуу л болсон зүйл шүү дээ. Хоёр жил үүрэг гүйцэтгэгчээр явчихсан байсан. Хоёр жилийн турш ТАЗ-өөс үргэлж л дарамттай байсан байгаа шүү дээ. Тэрийг төрийн нарийн бичгийн дарга яаж аргалж байсныг би мэдэхгүй. ТАЗ бол хууль журмынхаа дагуу “Энэ хүнийхээ шалгалтыг нь өгүүл, тэнцэхгүй бол дараагийнх нь хүнийг гаргаж ирж тавь” гэсэн. Ийм л шаардлага байсан. 

-Дорждагва гэдэг нь ТАЗ-өөс илүүлсэн нэр үү?

-Үгүй манайд байгууллагад талийгаачийн дор ажиллаж байсан хүн. Төрийн нарийн тэр хүнийг санал болгоод ТАЗ нь “ок” гээд явж байсан юм билээ. Үүнийг ганцхан удаагийн бичгээр шийдчихгүй шүү дээ, наашаа цаашаа олон л бичиг сачиг явсан байгаа. Тэр бүгдийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн.

-Та цагдаад хэр олон удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Нэг л удаа өгсөн.

-Танаас юу асуусан бэ? Энэ хэрэг яг ямар зүйл ангиар явж байгаа юм?

-Нэгдүгээрт би мэдэхгүй байна. Хоёрдугаарт би хариулах эрхгүй байна. Надаас асуусан зүйл гэвэл “Та энэ хэргийг хэдэн цагт мэдсэн, хаана байсан?” гэх мэтийн л юм асуусан. Би ажлаасаа 5,30-д гарсан. Есөн цагт гэр лүүгээ ортол утас дуугаараад ийм хэрэг болчихлоо гэсэн. Би эргээд гарсан. Ийм л зүйл болсон. 

-Энэ хэргээс болж та сайдын ажлаа өгсөн. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн учраас тэр хүний ажил хэргийн байдал хоёрдугаар асуудал болчихоод байна шүү дээ, энэ тохиолдолд?

-Магадгүй ээ. Ажил хийлгэхийн тулд энэ хүнийг томилсон, ажил хийсэн гэдэг нь өнөөдөр хэнд ч хамаагүй болсон. Энэ хоёр хүнийг авчирахад манай яамныхан бүгдээрээ сандарсан. Манай нам руу ч, АН руу ч байж болох бүх матаасыг явуулсан. Хэвлэлийнхнийг ч гэсэн сайн цэнэглэсэн. Ажлаа хийж чадахгүй байхад дээрээс нь шахаад ирэхээр барьц алддаг юм байна л даа. 

-Сайд болоод яамандаа эргэж ирэхэд 2012 онд таны орхиод явсан багийн хэд нь үлдсэн байна?

-Цөөхөөн. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс маань хүнтэл ажлаа яаж хийдгээ мартчихсан байсан. Нэг удаа, хоёр хуралдаад аргаа бараад хэлсэн. “Наранпүрэв ээ, чи өөрөө наад ажлаа хий. Тэгэд хүмүүстээ бүгдийг нь зааж өг” гэсэн. Махбалд ч хэлсэн.

Тэгэхгүй бол хүмүүс “Аа, сайдыг дагаж ирсэн хүмүүс худлаа томорцгоогоод” гэдэг л байхгүй юу. Махбал, Наранпүрэв хоёр бол тэр чигээрээ Дэд бүтцийн яамны ой санамж. Яамны төрийн нарийн бичгийн дарга байх, салбарын сайд байх хоёр ондоо. Зорилго шал ондоо болдог юм байна лээ. Төрийн нарийн бичгийн дарга байхад аппаратыг зөв ажиллахад л анхаарлаа хандуулдаг. Одоо бол аппарат зөв ажиллахаас гадна юм хийх хэрэгтэй байна шүү дээ. УИХ-ын гишүүн, сайд байхын нэг онцлог энэ. Энэ улс орны асуудлыг нуруундаа үүрч яваа хүн арай өөр өнцгөөс юмыг хардаг. Би бүх газрын дарга нар, төрийн нарийндаа ч хэлсэн. “Та нарын мэддэг Бат-Эрдэнэ биш болсон шүү.

Та нар одоо иргэдэд ашиг тустай юм бүтээхийн төлөө ажиллана шүү. Магадгүй зарим нэг дүрэм журам чинь зөрчилдөж байж магадгүй, тэгвэл түүнийгээ засаад яв. Эцэст нь иргэний эрх ашиг хангагдаж байх ёстой шүү. Тиймээс яам, тамгын газрын өнцгөөс битгий хар, төрийн албан хаагчийн өнцгөөс битгий хар. Тээвэрлэгчийн өнцгөөс, төмөр замчны өнцгөөс битгий хар. Энэ салбараар үйлчлүүлж байгаа иргэний байр сууринаас хар” гэж. Хүний харах өнцөг бас шал ондоо болдог юм байна шүү дээ.

-Төрийн албан хаагчид тан шиг тэгж харах бололцоо бий болов уу?

-Тийм болгохыг менежерүүд мэддэг байхгүй юу. Би энэ яамны төрийн нарийн бичгийн даргын ажлыг 2012 он хүртэл хийхдээ Зам тээвэр, аялал жуулчлалын яамны багийг тийм болгож чадсан. Маш хурдтай ажилладаг байсан. Үүрэг даалгавар өгөөд гаргалаа, 20 минутын дараа “Дарга аа, энэ болох уу?” гээд ороод ирдэг. Цагийн дотор, хоёр цагийн дотор миний өгсөн үүрэг даалгавар цаасан дээр буугаад ороод ирдэг байсан. Гэтэл одоо тийм газар алга. Өнөөдөр үүрэг даалгавар өглөө, гараад шууд машиндаа сууж байна.

-Яагаад?

-Толгойд нь зүгээр л “маргааш өгнө” гэсэн ойлголттой болчихсон байна шүү дээ. Хорин минутын дараа авчирч өгнө, цагийн дараа даргадаа танилцуулна гэдэг ойлголт энэ хүмүүст алга болсон байна. Энэ болгоныг би тэр Б.Махбал гэдэг хүнд даалгасан байсан. Яагаад гэвэл миний шалгуураар энэ яамнаас гарч байгаа шийдвэр, бүх бичиг сачиг ТЗУГ-ын даргын гараар дамжих ёстой. 

-Сүүлийн үед төрийн албан хаагчдын дунд “Сайд ирж л байдаг, явж л байдаг. Би бол төрийн албан хаагч, хэн ч намайг хөдөлгөж чадахгүй” гэдэг ойлголттой болсон. Магадгүй таныг төрийн нарийн байхад танай яам таны гарт байсан байх. Одоо сайд болоод эргээд ирэхэд эрх мэдэл сайдын гарт байна уу?

-Надад ч гэсэн анзаарагдсан. Гэхдээ сайд тэднийг ажиллуулах ёстой, бодлогоо барих ёстой. Тэр бодлогын боловсруулах ёстой хүмүүс нь мэргэжилтнүүд. Чадахгүй бол чаддаг болго, чаддаг хүнийг нь авчир гэдэг хэрүүлийг би төрийн нарийнтайгаа хийдэг байсан. Хоёрдугаарт би хүмүүсээ ерөнхийд нь мэднэ, юу хийх ёстойг нь мэднэ. 

-Тохиолдлоор томилогдоод ирчихсэн улстөрч биш, салбараа мэддэг хүний давуу тал юм даа?

-Салбарт байгаагийн онцлог энэ. Салбараа мэдэхгүй хүн бол магадгүй, нэг хүнд даалгавар өгнө авчирсныг нь л харна. Мэддэг хүнд бол ядаад байх юмгүй шүү дээ. 

-Тэгвэл та сайдаар ажиллах хугацаандөө өөрийнхөөрөө бүрэн дүүрэн ажиллаж чадсан гэсэн үг үү?

-Чадсан. Үнэхээр өөрийнхөө хүсэл зоригоор ажилласан. Нэг зүйлийг хэлэхэд миний гаргасан бодлогыг Ерөнхий сайд 100 хувь дэмжиж байсанд баярладаг. Төмөр замын асуудлууд байна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудал хичнээн жил саатав. Одоо хийх бүрэн бололцоог нь нээлээ. Тавантолгой-Зүүнбаян, Шивээхүрэнгийн төмөр замын асуудал бүгд л тус тусдаа, нэг нэгэнтэйгээ зөрчилдсөн эрх ашиг байсан. Үгүй ээ , хийх ёстой гээд бүгдийг нь нээсэн.

-Та зөвхөн бололцоог нь нээгээд ажлаа өгч байна, хараахан барьчихаагүй. Тавантолгой-Гашуун сухайтын зам яг ийм “бололцоотой”-гоор арав шахам жил саатсан шүү дээ...

-Магадгүй ээ магадгүй. МИАТ-ын хувьчлалыг гэхэд олон жил ярьсан. Хувьчлах ёстой, ёсгүй гээд өчнөөн жил маргасан. Одоо тэгээд хувьчлахаар болоод УИХ руу оруулчихлаа. Олон хүн наадхаа болиулаач, болохгүй гээд л явсан. Эрх ашгийнхаа төлөө зогсоож байсныг нь ч би мэднэ, мэдэхгүйгээсээ хүний үгэнд ороод явж байсныг нь ч мэднэ. Одоо тэгээд бүгдэд нь ойлгуулаад, дэмжүүлээд МИАТ-ыг хувьчлахаар боллоо. 

-Заримдаа, юмыг яаж мэдэхэв гээд асууж байгаа юм шүү. Ажлаа хийдэг хийдэггүй, мэддэг мэддэггүй нь хамаагүй, үгэнд орох хүнээ л ажиллуулах сонирхол улстөрчдөд байдаг шүү дээ. Ажлаа хийснээрээ бурууддаг тал бас байна?

-Ерөнхий сайд өөрөө дэмжсэн юм чинь энэ Ерөнхий сайдын үед ямар ч байсан дэмжигдээд явна л гэж бодож байна. 

-Хүмүүс бас өөр өнцгөөс харж болно шүү дээ. Хэтэрхий сайн хийх, хэн нэгний нөлөөнд автахгүй байх чинь бас ажлаа өгөх шалтгаан болж болдог?

-Тийм тохиолдол байдаг л даа. Саяын тохиолдол бол арай ондоо тохиолдол боллоо шүү дээ. Ерөнхий сайд хэд хэдэн удаа хэлсэн. Ганц ажиллаж байсан сайдыгаа явууллаа гэж.

-Яг үнэндээ өөр хүний хийсэн хэргийн төлөө, энэ хэрэгт танаас шалтгаалсан зүйл байхгүй тохиолдолд та ажлаа өгсөн нь хэр шударга юм бэ? Эсвэл намаа, засгаа аврахын тулд гаргасан шийдвэр үү?

-Миний өөрийн нэг итгэл үнэмшил байна. Ямар ч тохиолдолд би хүн гүйж, шалдаа бууж үзээгүй. Галт тэрэг онхолдсон тэр өдрийн маргааш л би шийдсэн. Ажлаа өгье өө гэж. Хүнд элдвээр баалуулаад, алуурчнаараа дуудуулаад сууж байх сайхан уу? Энэ салбарт өчнөөн юм хийчихээд, өмнө нь хүмүүсийн хийж чадаагүйг хийчихээд өөрөөсөө шалтгаалаагүй зүйлээс болоод “алуурчнаараа” дуудуулаад явж байх гоё уу?

-Хэн таныг “алуурчин” гэсэн юм бэ?

-Олон нийтийн сүлжээгээр өчнөөн л явсан шүү дээ.

-Олон нийтийн сүлжээгээр олон л юм явдаг. У.Хүрэлсүхийг ч, Ерөнхийлөгчийг ч элдвээр хэлж л байдаг. Тэглээ гээд хэн ч ажлаа өгье гэдэггүй?

-Тэгвэл би л тийм “өвчтэй” хүн байхгүй юу. 

-Та ч яах вэ, нэг ачаагаа аваад хаячихлдаа. Харин таны дараа томилогдсон сайд тэр ачааг үүрээд явах болов уу, өшиглөөд явах болов уу? Я.Содбаатарт хэр итгэж байна? Мэргэжлийн биш хүн шүү дээ?

-Гэхдээ төрийн хүн. Юмыг зөв хүлээж авч, эергээр сэтгэдэг хүн.

-Таныг сайдын ажлаа өгсний дараа танай нам дотор “хэн сайд болох вэ?” гэдэг тэмцэл нэлээд явсан юм шиг байна лээ? Танд анзаарагдсан уу?

-Тэрийг ямар надаас зөвшөөрөл авч сайд болох. Надтай тийм юм ярихгүй шүү дээ. Яахав, хоёр хүний нэр явж байсан. Нэг нь сайд болсон.

-Таны сүүлд өгсөн ярилцлагаас “Шинэ төмөр замын асуудал надтай холбоогүй юмаа” гэдгийг үзээд их олзуурхлаа?

-Тэр чинь надаас сүүлд болсон асуудал шүү дээ. Би 2012 онд ажлаа өгсөн. Шинэ төмөр замын асуудал 2013-2014, 2015 онд явсан. Хоёрдугаарт би яамны төсвийг л би захиран зарцуулах эртэй болохоос биш, Хөгжлийн банкнаас гарсан 280 сая ам.долларын асуудал төрийн нарийнд ямар ч хамаагүй. Гэхдээ тэр үеийн төрийн нарийн нэг алдаа хийсэн. Хөгжлийн банкнаас явж байгаа тэр мөнгөний гүйцэтгэл дээр төрийн нарийн гарын үсэг зураад явчихсан байхгүй юу. 

-Д.Батзаяа юу?

-Би тэр үед “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ын дарга байсан. Тэр үедээ Батзаяад хэлж л байсан. “Монголын төмөр зам”-ын асуудал цаашаа явах ёстой, яамны асуудал тусдаа шүү. Энэ хоёрыг ялгаж салгана шүү. Яам “ингэж төмөр зам барина шүү” гэдэг бодлогыг нь гаргахаас биш ажилд оролцохгүй шүү гэж. Би төрийн нарийн байхдаа энэ ажлын гадна байсан. Манай хүн төрийн нарийн болчихоод гүйцэтгэлийг нь татаж авчирч гарын үсэг зураад Хөгжлийн банк руу явуулаад байсан байхгүй юу. Тэр нь алдаа болсон.

-Одоо тэр дутуу орхисон дэд бүтцээ яах юм?

-Тэрийг хийж дуусгана гээд дөнгөж сая шийдвэрийг нь гаргуулчихсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Шивээхүрэн, Тавантолгой-Зүүнбаянгээд гурван төмөр замын шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан. Одоо нэг 200-гаад сая ам.долларын асуудал шийдвэрлэчихвэл энэ зам явна. Гэхдээ мэдээж элэгдэл хорогдол гэж зөндөө юм гарсан. Тэрийг засах хэрэгтэй болно.

Тэрний дараа цаашаа үргэлжлээд явна. Төмөр замын асуудлыг сүүлийн арваад сарын хугацаанд нэлээд ярьж байж, сүүлд нь Хөгжлийн банк, Уул уурхайн яамтай тодорхой хэмжээнд зөвшилцөж байж “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” компани хоёр нийлээд төмөр замаа хийхээр шийдвэр гарсан.

“Монголын төмөр зам” компани бол энэ замын эзэмшигч. Тэгэхээр “Монголын төмөр зам” дээр “Эрдэнэс Тавантолгой” компани нэмэгдээд мөнгөө уул уурхайгаасаа босгоод үргэлжлүүлнэ. Ингэж барьснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх асуудал, үнэ цэнэ ч нэмэгдэнэ. 

-Энэ ажилд зориулж ирэх оны төсөвт мөнгө хийсэн үү?

-Төсөвт мөнгө байхгүй байхгүй. Цэцэрлэг сургуулиа яая гэж байгаа юм чинь юун төмөр замд мөнгө хийх. 

-Өнгөрсөн сард Ерөнхийлөгч, Уул уурхайн сайд хоёр хойд хөршид яваад “төмөр замын транзит тээвэр, хөнгөлөлттэй тарифийн тухай тохиролцоо хийгээд ирлээ” гэж хэсэг шуугисан. Үүнд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа. Урагшаа гол худалдан авагчдаа хүрч чадахгүй байж хойшоогоо юу тээвэрлэх гэж ийм юм хийж байгаа юм бэ гэж?

-Би бол үүнийг шүүмжлэхгүй байгаа. Бүх бодлого нь явж л байг. Илүүдэхгүй шүү дээ.

-Манайх хойшоо гарахад илүүдэхгүй. Гэхдээ урагшаа транзит тээвэр хийхэд хүрвэл Улаанбаатар төмөр зам ачааллаа дийлэх үү?

-Монгол улс хоёрхон улстай хиллэдэг хаалттай бүс шүү дээ. Тийм учраас хоёр хөрштэйгээ гэрээ хэлэлцээр, янз бүрийн юм нь явж л байг. Нэг нэгэнтэйгээ зөрчилдөөд, бие биенээ тас хаачихдаггүй л юм бол. Эцсийн эцэст төрөөс гаргаж байгаа шийдвэр чинь аж ахуйн нэгжүүд бизнес хийх бололцоог л дэмжиж байгаа байхгүй юу. Түүнээс биш яам хэзээ ч нүүрс тээхгүй шүү дээ.

Хэн нэг хүн, аль нэг аж ахуйн нэгж хийнэ. Баттулга юм уу, Бат-Эрдэнэ нэг машины кабинд суугаад нүүрс зөөхгүй. Яг ингэж бодсоор байгаад бид Тавантолгой-Гашуунсухайтын автозамыг дампууруулж дууссан. Төр өмнөөс нь орж шийдсээр байгаад. 

-Ингэхэд өнгөрсөн зун Ерөнхий сайд урд хил дээр очоод нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт амрах байр, авто зогсоол барьж өгнө гэж амлачихаад ирсэн. Энэ ч гэсэн Засгийн газар оролцох асуудал мөн үү?

-Гэтэл худалдагч, худалдан авагч хоёрын хооронд нүүрсийг хэн тээвэрлэх вэ? Гуравдагч этгээд буюу тээвэрлэгч. Өөрөөр хэлбэл компани тээвэрлэлт хийнэ. Энэ компани жолоочтой байна уу, машин нь эвдэрхий байна уу, жолооч нь нийгмийн даатгалтай байна уу гэдгийг хэн хариуцах ёстой вэ? Худалдагч, худалдан авагч хоёр л үүнийг шийдэж, сонгон шалгаруулалтаа хийх ёстой байхгүй юу. Би эндээс тэнд хүртэл хүргэж өгнө, түүн дээрээ тээвэрлэлтийнхээ хөлсийг нэмнэ.

Хэрвээ нүүрсээ аман дээрээсээ авна гэвэл танай тал бүх зардлаа гарга. Тэгэхээр тэнд жолооч хөлдөж үхэх гээд байгаа нь Хүрэлсүхэд, Бат-Эрдэнэд ямар хамаа байна? Тиймээс жолоочийн асуудлыг худалдан авагчтай, тээвэрлэгчтэй л ярих ёстой байхгүй юу. Худалдан авагч, худалдагч хоёр гэрээ хийж нүүрс тээвэрлэж байгаа биз дээ. Хэрвээ жолооч нарынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол тээвэрлэлтээ зогсоо. Ийм л шаардлагыг бид тавих ёстой. Ерөнхий сайдад ч би хэлсэн. Би гэрээг цуцалж, чадахгүй, С зөвшөөрлөө л цуцалчихна. Тэр бол харин миний эрх мэдэл. 

-Гэхдээ манайх ганцхан худалдан авагчтай шүү дээ?

-Нэг байна уу, хоёр байна уу, мянга байна уу хамаагүй. Тэр хүн хариуцлагаа үүрэх ёстой. Нэг байх тусмаа сайн шүү дээ. Гэтэл нэг биш 10 мянган машин эргэж байна. Арван мянган машины ард хэдэн зуун худалдан авагч, хэдэн зуун компани байна. Яг жинхэнэ тээврийнхээ менежментээр явбал 2000 машин явахад л хангалттай. Гэтэл одоо тээвэр хийх зөвшөөрөлтэй 10 мянган хүн ар араасаа хийх ажилгүй ангайгаад сууж байна. Ийм менежмэнт гэж байхгүй. 

-Иргэний нисэхийн салбарт хийсэн шинэчлэл юу болж байна?

-Хамгийн проблемтай нислэг Улаанбаатар-Сөүлийнх. Кореан Нйр, МИАТ хоёр тал талдаа нэг нэг нислэг хийдэг. Долоо хоногт зургаан нислэг хийх зөвшөөрөлтэй. Гэтэл амьдрал дээр 16 нислэг болоод явчихсан, тэгж байж өнөөдрийн ачааллаа даах гээд байна. Манай яамнаас Солонгосын тал руу “16 болгоё” гэдэг хүсэлт тавихаар “Тэгвэл манай хоёр дахь компаниа оруулна” гэдэг. Тэд зах зээлээ их шударга хуваагаад байна шүү дээ.

Долоо хоногт зургаа нисч байгаа бол чи нис, ашгаа ол. Долоо хоногт зургаагаас дээш нисээд ашиг олоод байвал илүү гарсан нислэг дээр чинь Доржийг оруулна. Чи ганцаараа их ашиг олж болохгүй гэдэг. Гэтэл бид энд “Ганцхан компани нислэг хийнэ” гээд хууль баталчихсан. Тэгэхээр “Тэгвэл уучлаарай, манай Кореан Эйр ганцаараа нисч байг. Нислэгийн тоог нэмэхгүй” гэдэг. 

-Тэгээд үүнийг яаж өөрчилсөн бэ?

-Хуулиа өөрчилсөн. Бид МИАТ дээр нэмэх нь хэн нэгнийг оруулья, танайх Кореан Эйр дээрээ нэмээд хоёр дахь компаниа оруул. Ингээд хоёр талаасаа хойр, хоёр нислэг хийе. Тэгээд 16 нислэг хийнэ үү, хорин нислэг хийнэ үү, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, чөлөөтэй. Хоёр компани нислэг хийгээд эхэлбэл тийзний үнэ хямдарна гэдгийг тэдний сайд нь амласан.

Өрсөлдөөн бий болно, хямд нислэг үйлдэнэ. Үүнийг дагаад манай тийзний үнэ буурна. Хамгийн гол нь иргэд чөлөөтэй зорчдог байх ёстой, үнэ хямдрах ёстой. Үүнийг гацааж байсан нь МИАТ, Кореан Эйр хоёр л байхгүй юу. Над руу довтлоод байдаг нь ийм шалтгаантай.

-МИАТ-ыг хувьчлах шийдвэр гаргуулахад амаргүй л дээ?

-Энд нэг хэдэн хүн компани болж тоглоод, мөнгө идэж байхад та зөвшөөрөх үү? Өө та цай уусан уу, май цайны мөнгө. Өө та тэдэн минут илүү ажиллачихсан уу, май мөнгө.

Та ажлын хэсэгт орчихсон байна шүү дээ ядарсан уу, май мөнгө... гээд хэдэн хүн бие биедээ хувааж өгөөд сууж байгаа нь зөв үү? Берлинд гэхэд МИАТ-ын төлөөлөгчөөр 10 хүн суулгаж байсныг би хоёрыг нь татаад найм болгосон. “Хэдэн хүн төлөөлөгчөөр ажиллаж болох вэ?” гэхээр дуугарахгүй байгаа юм шүү дээ.

Тэгээд нэг хуруугаа гозойлгохоор толгой дохиж байгаа юм. Нэг л хүн төлөөлөгчөөр ажиллах газар найман хүн ажиллаж байна. Сөүлд найм, Бээжинд зургаа. Дээрээс нь та хэрвээ МИАТ-ад ороод гурван жил ажилласан бол жилдээ нэг удаа нөхрөө, хүүхдүүдээ, ээж, аавыгаа дагуулаад үнэгүй ниснэ. Тэгэхээр чинь тийшээ хүн болгон тийшээ шуурахгүй яах юм. Эрх мэдэлтэй хүн болгон хүүхдээ тийш нь хийх гэхгүй яах юм. Хэдэн хүн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэчихээд “МИАТ ашиггүй” гээд л явж байна шүү дээ. 

-Гэвч яаж хувьчлах вэ?

-Хөрөнгийн биржээр оруулна. Би хэн нэгний санал болгосон компани, менежмэнтийн баг оруулахыг санал болгоогүй. Хөрөнгийн биржээр хувьчилна аа л гэсэн. Хөрөнгийн биржийг л хардаж байгаа бол энэ хорвоо дээр ямар цэвэр юм байх юм бэ?

-Энэ бүхний дараа та ажлаа өгөх болсон нь харамсалтай. Гэвч сайдаа өгсөн ч УИХ-ын гишүүний эрх хэмжээ байх юм даа. Энэ чигээрээ явах нь уу, үгүй юу харж л байя...

-Харж л байх юм даа. Ядаж буруу зөрүү явбал нэг удаа очоод “десант” буулгачих хүч байх юм даа.

-Та сайдын албан тушаалаа өгөх гэж яарсан шиг танайхан ч бас авах гэж бас яарсан биз?

-Үгүй шүү. Тэрийг ёстой та буруу бодож байна. Харин зүгээр их айцгаасан байх. Олон нийтийн элдэв дайралтаас болоод. Тэгээд намайг өргөдлөө аваад очиход нэг урт амьсгаа авсан байх.(инээв)

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байсан дутуу орхисон ажил бий юу?

-Удахгүй автомашины дугаарын асуудал бас нэлээд шуугиан тарих байх. Дөрвөн оронтой, гурван үсэгтэй, сонголттойгоор хийж байгаа. 2011 онд төрийн нарийн байхдаа хийх гээд чадаагүй. 9999 гэдэг дугаар гэхэд 1500 ширхэг гарна.

8888 гэдэг дугаар тухайн үедээ 45 сая төгрөг хүрч байсан. Одоо та тэр дугаарыг зүгээр өөрөө сонгоод ав. Тэгвэл тэр дугаарын төлөө тэмцэл чинь дуусна. Сүүлдээ утгаа алдана шүү дээ. Заавал нэг азын дугаар авах гээд хэн нэгнийг царай алдах хэрэггүй болно. Гэтэл хүмүүс зөрүүлээд юу сэтгэж байна гэхээр “Сайд аа, тэгвэл үүнийг чинь дуудлага худалдаанд оруулчихья” гэнээ. Яаж сэтгэхээрээ тэгж сэтгээд байгааг мэдэхгүй.

Тэрийг заавал дуудлага худалдаанд оруулаад, илүү өрсөлдөөн бий болгоод, баячуудынх нь хорхойг хүргээд, ядуучуудынх нь зэвүүцлийг төрүүлэх ямар хэрэгтэй юм. Яагаад зүгээр нэг “Приус”-тэй залуу 0001 АЗЗ гэсэн дугаар авч болдогүй юм. Би юмыг энэ өнгцөөс нь харахыг хүсдэг. Өмнө нь хийх гэсэн ч сайд нь айгаад хийлгээгүй.

-Юунаас айгаад?

-Номерийн бизнес хийж байна гэдэг хэл аманд орчихно гэж айхгүй юу. Сая харин би журам энэ тэрийг нь бүгдийг цэгцлээд бэлэн болгочихсон, удахгүй гарах байх. Гурван жилийн хугацаанд солиод дуусгачих ажил. Номер хийдэг төмөрнийхөө мөнгийг авна биз. Хогний машин нь 0001 гэдэг дугаартай явж л байг л дээ. Сүүлдээ энэ дугаараас ой гутна биз дээ. Энэ хэнээрхлээсээ бид салах ёстой байхгүй юу. Ичнэ биз дээ, энэ хүмүүс.

-Цаг зав, тэвчээр гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.