УИХ-ын гишүүн Л.Болд ОУПХ-ны Ассамблейн 139 дүгээр чуулганы Төслийн хороонд сонгогдон ажиллахаар боллоо
2018.10.16

УИХ-ын гишүүн Л.Болд ОУПХ-ны Ассамблейн 139 дүгээр чуулганы Төслийн хороонд сонгогдон ажиллахаар боллоо

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганд УИХ-ын гишүүн Л.Болд нарын төлөөлөгчид оролцож байна.

Чуулганд 50 улсын парламентын дарга, 40 дэд дарга, 700 орчим гишүүн, 500 орчим парламентын ажилтан, зөвлөх, Элчин сайд, олон улс, бүс нутаг болон орон нутгийн байгууллагын төлөөлөгч  зэрэг  1300 орчим хүн оролцож байна.

Төлөөлөгчид чуулганы эхний өдөр Олон Улсын Парламентын Холбооны Ази-Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэн батлах ОУПХ-ны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудал, тогтоолын төслүүдэд баримтлах парламентуудын байр суурийг нэгтгэлээ. Мөн хуралдаанаар ОУПХ-ны холбогдох албан тушаалуудад Ази-Номхон далайн бүлгээс нэр дэвшигчдийг сонгох сонгууль боллоо.

Энэ удаагийн 139 дүгээр чуулганаар батлах тогтоолын төслүүдийг боловсруулж, эцэслэх чиглэлтэй Төслийн хороонд УИХ-ын гишүүн Л.Болд сонгогдож ажиллахаар болов.

ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд Ази-Номхон далайн бүлгийг төлөөлдөг Япон Улсын парламентын гишүүний хугацаа дууссан тул БНХАУ, Бүгд Найрамдах Индонез Улсын парламентын төлөөлөгчид өрсөлдөж, Хятадын нэр дэвшигч олонхын санал авлаа.

Тэрбээр ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд Ази-Номхон далайн бүлгийг ирэх хоёр жил төлөөлж ажиллахаар болов. ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр  Монгол Улсаас УИХ-ын гишүүн Л.Болд 1998-2000 сонгогдон ажиллаж байсан юм.