Чинзориг.С 2018.10.16 | Vip76.mn

ББСБ-уудыг төрөлжүүлж, зээлийн хүүг нь буулгах хуулийн төслийг боловсруулж байна гэв

ББСБ-уудыг төрөлжүүлж, зээлийн хүүг нь буулгах хуулийн төслийг боловсруулж байна гэв

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэлд “Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулна” хэмээн тусгасаныг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг арилжааны банкуудаас бизнес эрхлэгчдэд олгож байгаа зээлийн хэмжээ нэмэгдсэн эсэх болон ББСБ-ын зээлийн хүүг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодрууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

Зээлийн хүүг бууруулах бодлогын баримт бичиг гаргах ажил ямар түвшинд явж байна вэ?

Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталж байна. Үүний үр дүнд арилжааны банкуудад чөлөөт хөрөнгийн үлдэгдэл ихэсч, тэр хэмжээгээр бизнес эрхлэгчдэд очиж байгаа зээлийн хэмжээ нэмэгдэх учиртай. Зээлийн хүү ч дагаад бууна.

Засгийн газраас явуулж байгаа энэ бодлого хэр үр дүнгээ өгч байна? Арилжааны банкуудаас бизнес эрхлэгчдэд өгч байгаа зээлийн хүү буурсан уу?

ББСБ-уудын зээлийн хүү буурахгүй байна. Хүүг нь бууруулах талаар СЗХ ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Арилжааны банкуудыг бодвол ББСБ-ууд хадгаламж татдаггүй учраас хүү нь буух ёстой. Гэтэл эсэргээрээ өсөх хандлагатай байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:

Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгээ боловсруулаад Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцэж, баталсан. Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө ч боловсруулсан бөгөөд 2019 оноос хэрэгжүүлж эхэлнэ.

Зээлийн хүү буурч байгаа.

Одоогийн байдлаар арилжааны банкуудаас хэрэглэгчдэд олгож байгаа зээлийн дундаж хүү 18 хувь болж буусан. Зээл олгох банкуудын хоорондын өрсөлдөөн идэвхжиж байна. Засгийн газар дотооддоо бонд гаргахгүй байгаагийн үр дүн олон янзаар гарч ирж байна.

Засгийн газрын өрийн түвшний хэмжээ буурч байна. Анх ОУВС-гийн хөтблөрт орж байхад Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 85 хувьтай тэнцэж байсан бол одоо 70 орчим хувь хүртэл буусан. Энэ нь тодорхой хэмжээгээр Засгийн газрын дотооддоо бонд гаргахгүй байгаатай холбоотой.  Нөгөө талаас бизнес эрхлэгчдэд очих мөнгөний эх үүсвэр нэмэгдэж байна.

Гэхдээ Монголбанктай холбоотой хоёр асуудал бий. Засгийн газар өрийн бичиг гарсантай холбогдуулаад чөлөөлөгдсөн эх үүсвэр нь Монголбанкны үнэт цаасны худалдан авалтыг эрс нэмэгдүүлж байна. Одоо бид 4.2 их наяд төгрөгний үнэт цаасны үлдэгдэлтэй байна. Механикаар багасгах бололцоо байхгүй. Үүнийг багасгавал чөлөөлөгдсөн эх үүсвэр валютын ханшид дарамт болж очино.

СЗХ-НЫ ДЭД ДАРГА Д.БАЯРСАЙХАН:

Өнөөдрийн байдлаар СЗХ-ны хяналт зохицуулалтанд 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2-р улирлын байдлаар ББСБ-ын дундаж хүү 3.3 байна. Өнгөрсөн жилийн 2-р улирлаар 4.6 хувьтай байсан.

Зээлийн хүүг бууруулах стратегийн хувьд СЗХ Монголбанктай хамтран ажиллаж байна. Хавар ЭЗБХ-ноос чиглэл өгсний дагуу ББСБ-ын үйл ажиллагааны чиглэлээр төрөлжүүлэх болсон.

Бидний зүгээс энэ намрын чуулганд амжвал ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл дээр ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд ББСБ-уудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилнө. Тухайлбал валют солих, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг үйлчилгээний төрөл зүйлээр ангилж хуулийн төсөлд оруулахаар ажиллаж байна.

Банкнаас зээл авах боломжтой ААН-үүд банкнаасаа үйлчилгээгээ авчихдаг. Авах боломжгүй этгээдүүд ББСБ дээр очдог. ББСБ-ын давуу тал нь үйлчилгээ нь хурдан байдаг. Яг одоогоор хүүг шууд барих боломжгүй. Намрын чуулганд өргөн барих хуулиар  бүтээгдэхүүн үйлчилгээгээр ангилаад, төрөлжүүлбэл тэр дотроо зөвхөн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-д бусад эх үүсвэр татах боломжийг нээгээд, итгэлцлийн үйлчилгээг өргөжүүлээд явах юм бол зээлийн хүүг бууруулах боломжтой.