Б.Баттөмөр 2018.10.16 | Vip76.mn

Мөнгө угаах, терроризмтай тэмцдэг байгууллагууд яагаад Монголыг хараандаа аваад байна вэ?

Мөнгө угаах, терроризмтай тэмцдэг байгууллагууд яагаад Монголыг хараандаа аваад байна вэ?

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн мөнгө угаах, терроризмтай тэмцэх байгууллагууд чухам яагаад Монголыг анхааралдаа аваад байгаа талаар асуусан асуулт олны анхаарлыг татлаа. Түүнчлэн тэрээр бодлогын шинж чанартай томоохон асуултууд асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монгол Улс Ази номхон далайн бүсийн байгууллагын хяналтанд байгаа. Европын холбооны хар жагсаалтанд ороод, хоёр ч хэлэлцээрт нэгдсэн.

Терроризм, мөнгө угаах зэрэг асуудалтай тэмдцэг байгууллагууд яагаад Монголд анхаарал хандуулаад байна вэ?

Монголоос гарч байгаа валютын эх үүсвэр хаашаа явж байна? Экспортонд гарч байгаа мөнгөний урсгалаар терроризийг санхүүжүүлээд явдаг байх вий гэсэн болгоомжлол байна.

Өнгөрсөн жилийн эхний хагасд 4.7 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн экспортонд гарсан. Үүнээс хэд нь Монголд орж ирсэн бэ?

Засгийн газар Монголбанк хамтраад эдийн засгийг сайжруулах, санхүүгийн зах зээлийг удирдах чиглэлд ажиллаж байна. Гэхдээ хамтын ажиллагаа сайн биш байна. Мөнгөний бодлого ярьж байгаа тохиолдолд СЗХ-ны үүрэг асар өндөр. Ялангуяа мөнгөний бодлоготой хамт банкны салбарын шинэчлэлийн асуудал, эрх зүйн шинэчлэлийн асуудал яригдана. Банкны бус салбарт эдийн засгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүгийн зах зээл байдаг. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, банкны бус салбарын бодлоготой холбоотой асуудлыг яаж шинэчлэх вэ?

Өөрийн хөрөнгө дутсан банкуудын асуудал юу болж байна? Дутагдсан хөрөнгөө хэзээ гүйцээх вэ?

Долларжилтийн байдалд шинжилгээ хийж байгаа юу? Банкинд байгаа их хэмжээний хадгаламж доллар болоод байна гэж эдийн засагч нар хэлж байна. Судалгаа байна уу?

Монголбанк Н.Баяртсайхан:

Мөнгө угаах, терроризмийн асуудлаар бид маш хүндрэлтэй байдалд орсон. Энэ асуудлыг ганц Монголбанкинд хамаатуулаад байна.

Бид саарал жагсаалтанд ороход ойрхон байна. 3 үндсэн зүйлээр Монголчуудыг буруутгаж байна.

Нэгдүгээрт,

Хойд Солонгосын ажилчид Монгол Улсад ажиллаж байна. Тэр хүмүүсийн цалин Хойд Солонгосын тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд очих магадлалтай.

Хоёрдугаарт,

2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаснаар 35 их наяд төгрөгний эх үүсвэр гарч ирсэн. Энэ бол тулхайн үеийн ДНБ-ээс 1.5 дахин их хэмжээтэй тоо. Ийм их хэмжээний мөнгө гарч ирж байгаа нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг, далд эдийн засаг асар их хөгжсөний дохио гэж тодорхойлсон.

Гуравдугаарт,

манайд 546 ББСБ байна. 2000 гаруй хадгаламж, зээлийн хоршоод байна. Үүн дээр хяналт тавьж чаддаг газар алга гэж хэлсэн.

Бид бүхий л чадлаараа ажиллаж байна. Сая Шри-Ланкад очиж тайлангаа тавьсан. Асуудлыг залруулахад 2019 оны 7 сар хүртэл ахин 1 жилийн хугацаа өгсөн. Тайлангаа бид 2019 оны 1 сард ФАТФ-д хүргүүлэх ёстой. Энэ бол бүх байгууллагыг хамрах ажил. Дээд шүүх, ТЕГ, АТГ, ТЕГ, ЦЕГ, ХЗДХЯ-тай хамтрах асуудлууд бий. Ганц Монголбанкнаас хамаарах зүйл биш. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг хэлэлцээд зөвлөмж гаргуулж авсан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй. Засгийн газрын дэргэд үндэсний хороо байгуулсан. ХЗДХ-ийн сайд ахалж ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлд ахиц гарах болов уу гэсэн хүлээлттэй  байна.

Татварын байгууллагаас бид гадагшаа гарч байгаа экспортын мэдээллийг авдаг. Ийм хэмжээний гадаад валютын экспорт хийгдлээ гэсэн тоо татварын албаас орж ирдэг. Буцаж орж ирж байгаа мөнгө харьцангуй бага байна. Тиймээс валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэж, батлах хэрэгтэй. Эдийн засгийг удирдахын тулд нөхцөл байдлаа мэдэж авъя, статистакаа сайжруулъя гэсэн зорилго Валютын зохицуулалтын тухай хуулинд бий.

СЗХ-нд УИХ-аас туслах хэрэгтэй байна. Хийх ажил асар их боловч хөрөнгө санхүү хүрэлцээ муутай байна. Аргаа барсандаа Монголбанкны зүгээс СЗХ-нд мөнгө өгж эхэлж байна. 2019 онд шаардлагаатй хөрөнгө тавьж өгөх хэрэгтэй.

2000 гаруй хадгаламж зээлийн хоршоог хянахад энэ байгууллага хүч хүрэхгүй байна.

Өөрийн хөрөнгө дутсан банкууд эрчтэй ажиллаж байна. Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль шийдвэрлэх ач холбогдолтой байна. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээд эхэлсэн. Бид 12 сарын 31 хүртэл үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаа дууссаны дараа бид тайлангаа ЭЗБХ-нд танилцуулна.

СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан:

ФАТ-ын нийт 40 зөвлөмж гардаг. 40 зөвлөмжийн 23 нь СЗХ-ны үйл ажиллагаатай холбоотой. Хорооны зүгээс тусгай төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.

Тусгай нэгж байгуулах ёстой. Бидний хувьд 2019 оны төсөвт 960 сая төгрөгийг нэмж олгооч ээ гэсэн хүсэлт тавьсан. Одоогоор төсвийн төсөл дээр 400 гаруй сая төгрөг тавигдсан.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт мөнгө угаалтын давтамж гардаг учир зуучлалтай холбоотой асуудлыг баримтжуулах зөвлөмжийг бидэнд өгсөн. Энэ тал дээр бид эхний ээлжинд салбарын эрсдлийн үнэлгээ хийх ажил хийгээд эхний дүгнэлтүүд гарсан.