Баттулга.Х Эрдэнэбат.Д Оюунчимэг.М Дамба-Очир.Д 2018.10.16 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Төслийг хоёр дахь удаагаа өргөн мэдүүлж байгаа бөгөөд хэлэлцэхээр дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг одоо УИХ хэлэлцэж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй нэгтгэх шаардлага бий гэдгийг тайлбарласан. 

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар төслийн танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ.

Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Т.Аюурсайхан гишүүн илэрхийлээд стартегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглах хөрөнгө оруулагч Засгийн газартай тодорхой хөрөнгө оруулалт, ашиглалатын гэрээтэй тохиолдолд гүйлгээний холбогдох дансыг дотоодын банкаар дамжуулах санаачилгыг дэмжиж байгаагаа тайлбарлав.

Нэн тэргүүнд хяналт тавих бололцоо бүрдэнэ, мөн эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Харин төсөлд зөвхөн Монголбанкинд дансыг байршуулахаар тусгасан нь шүүмжлэлтэй бөгөөд өмнө нь байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулаад байсан гэдийг хэллээ.

Тэрбээр Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ төдийгүй дотоодын бусад банкаар дамжуулах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй.

Банкны салбарын хэтийг харсан, урт хугацаандаа хэрэгжих ач холбогдлыг нь тооцох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй бөгөөд төлбөрийн тэнцэлд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх бололцоо тодорхой хэмжээгээр бүрдэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа Д.Эрдэнэбат гишүүн илэрхийлсэн.

Төслийн талаарх Монголбанкны байр суурийг Б.Жавхлан гишүүн тодруулсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулллаа. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.