Хүрэлбаатар.Ч 2018.10.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг сайжруулах хуулийн төсөл өргөн барилаа

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг сайжруулах хуулийн төсөл өргөн барилаа

Өнөөдөр /2018.10.17/ Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар  хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. 

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жил ашиглаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, хуучирч муудсан, технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрээр тохиролцсон байна. Зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх ажээ.