Д.Сумъяабазар 2018.10.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Өнөөдөр /2018.10.18/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонссон юм.

Салбарын сайд мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний талаар танилцуулав. Эдийн засгийн хурдацтай өсөлт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан 2010 оноос шатахууны хэрэглээ огцом нэмэгдэж 2013 оноос хэрэглээ буурч байжээ. Харин эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, валютын ханш болон дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй уялдсан татварын бодлогыг төрөөс шуурхай авч хэрэгжүүлснээр 2017 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 1.49 сая.тн-д хүрч шатахууны хангамжийн зах зээл тогтвортой байв.

Өнгөрсөн оны импортын бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин нийт импортын 27 хувь, 90-ээс доош октантай автобензин 4 хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш 2 хувь, тос тослогооны материал, мазут, хий гэх мэт бусад бүтээгдэхүүн 16 хувийг эзэлж байна. Нийт импортын 94.5 хувийг ОХУ, 3.4 хувийг БНСУ, 1.8 хувийг БНХАУ, үлдсэн 0.3 хувийг бусад улсуудаас импортлосон байна.

Танилцуулга дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн бүтцийн талаарх мэдээллээр үргэлжилсэн. Дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнэд импортын үнэ, валютын ханш, татвар, үйл ажиллагааны зардал /импортлогч компанийн ашиг/ зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт, Худалдааны гэрээний нөхцлөөс хамааран тухайн сарын дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн хэлбэлзэл нь манай улсад 1 сарын дараагаар нөлөөлдөг. Графикт үзүүлснээр 2015 оны газрын тосны дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад 2 дахин буурсан ба 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод цэгт /дундажаар 43.55 ам.долларт/баррель-т/ хүрч байсан. АНУ занарын олборлолтод Hydraulic fracturing буюу шингэн хагалбарын технологийг ашигласнаар олборлолтын зардал буурч, олборлолтын хэмжээ нэмэгдсэн. Хүснэгт 1-д үзүүлснээр АНУ олборлолтын хэмжээг нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд эзлэх хүрээг тэлснээр нийлүүлэлт нь эрэлтийг давснаар дээрх газрын тосны үнийн бууралтыг тайлбарлаж болно. Мөн АНУ болон Иран улс хооронд цөмийн зэвсгийн эсрэг арга хэмжээний талаар тохиролцоонд хүрснээр Иран газрын тосны экспортоо нэмэгдүүлсэн (хүснэгт-1), ОПЕК-ийн гишүүн улсууд газрын тосны олборлолтын хэмжээг хязгаар асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байсан, ам.долларын ханш чанга (график-3) байсан зэрэг олон талт хүчин зүйлс нөлөөлсөн. 

    ОПЕК-ийн гишүүн орнууд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс, ОПЕК-ийн бус гишүүн бус орнууд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 1.2 сая болон 600 мянган баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэснээр газрын тосны үнэ 2016 оны 12 дугаар сараас өссөн хэдий ч АНУ газрын тосны олборлолтын хэмжээг нэмсэнтэй /Хүснэгт 1/ холбоотойгоор 2017 онд газрын тосны үнийн огцом өсөлтийг саармагжуулж чадсан.

    Гэвч ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын газрын тосны олборлолтын хязгаарлалт болон уг хязгаарлалттай холбоотой үүссэн эрэлтийн огцом өсөлт, (график 4), Венесуэл улсын газрын тосны олборлолт эрс багассан, Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын геополиткийн зөрчилдөөн, валютын ханшийн өөрчлөлт, АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээний өөрчлөлт, Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ зэрэг олон талын нөлөөллөөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2018 онд тогтмол өссөнөөр Брент төрлийн газрын тосны сарын дундаж үнэ 2018 оны 01 дүгээр сард 69.18 ам.доллар/ баррель байснаас 2018 оны 10 дугаар сарын 3-нд  86,29 ам.доллар/баррель болж 24,7 хувиар өсөөд байна. Энэ 10 дугаар сарын дундаж үнэ 80-87 ам.доллар/баррель орчимд хэлбэлзэх төлөвтэй байгаа хэдий ч цаашид газрын тосны олборлолтын хязгаарлалт, үүнээс үүсэн эрэлтийн огцом өсөлт болон АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамааран дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 11 дүгээр сараас огцом хэлбэлзэх, өсөх төлөвтэй байгааг мэдээллийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан. 

УУХҮЯ-ны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллах, олон талт эх үүсвэрээс бүтээгдэхүүн импортлох бодлогыг баримтлан ажиллаж байна. Цаашдаа ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний зүйл, заалтыг дордуулахгүйгээр тогтвортой мөрдөх, экологийн ангилал өндөр буюу чанар сайтай шатахууны үнийн томъёололд худалдан авагч талд хөнгөлөлт үзүүлэх талаар яриа, хэлцэл хийх байр суурийг баримтлан ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-ын Чайна-Ойл компаниас шатахууны импортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, импортлох хилийн боомтын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн онцгой албан татварын зохицуулалтын талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асууж, бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох тогтоол шийдвэрийг гаргах бөгөөд дараагийн хуралдаанаар төслийг хэлэлцэхээр боллоо