С.Бямбацогт 2018.10.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай болно. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй. Иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.