Оюунхорол.Д Хүрэлбаатар.Ч 2018.10.18 | Vip76.mn

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

1. Өмчийн ашиглалталт хамгаалалт, үр ашгийг сайжруулж, төвлөрлийг сааруулах зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр, ашиглалт болон соёл нийтийн биеийн тамирын чиг үүргийг орон нутагт чиглүүлнэ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн байгууллага, газар зохион байгуулалтын байр ашиглалтын зардал болон орон нутгийн музей, соёлын төв, номын сан, театр, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, цаашид урсгал зардлыг орон нутгийн суурь зардалд нэмж тусгахаар тооцсонтой холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. 

2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2019 оноос эхлэн орон нутагт шилжүүлж эхэлнэ. Төсвийн тухай хуулийн 23.4.7 дахь заалтад ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг Төсвийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэлийн, орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь 2020 оноос эхлэн мөрдөгдөнө. Хуулийн хэрэгжилтийг 1 жилээр наашлуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд, 2020 онд 100 хувь тухайн хайгуулын талбай оршиж байгаа орон нутгийн төсөвт шилжүүлэх, харин ашигт малтмалын ашиглалтылн тусгай зөвшөөрлийн орлогын 50 хувийг тухайн олборлолт яваогдаж байгаа орон нутгийн төсөвт 2020 оноос эхлэн шилжүүлэхээр тооцсонтой холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж байна. 

3. Хуулиудын хэрэгжилтийг хойшлуулж байна. Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд тависгдан шаардлагын дагуу Засгийн газрын өрийг бууруулж, Монголбанкны баланс алдагдлыг багасгах зорилгоор УИХ-аас 2016 оны 1 сарын 22-ны өдөр баталсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр хойшлуулж байгаатай холбогдуулан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулсан. 

4. УИХ-ын 2017 оны 29-р тогтоолын зарим заалтыг хүчингүй болгоно. Засгийн газраас төсвийн сахилга батыг чанад мөрдөх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг төсөв санхүүгийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж, төсвийн алдагдал, өрийн хэмжээ тасралтгүй буурч байна. Эдийн засгийн өсөлт гарч, төсвийн үндсэн үзүүлэлт сайжирсантай уялдуулан иргэдийн орлогын баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Иймд 2019 онд төсөвт цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж байгаатай холбогдуулан УИХ-ын 2017 оны 29-р тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болгох шаардлагатай байгаа тул УИХ-ын тогтоолын зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа. 

5. Ирэх 2019 онд орон нутгийн төсөвт шилжүүлж байгаа орлого, зарлагын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар аймаг, нийслэлийн засаг дарга, ИТХ-д зөвлөмж өгөх зорилгоор Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 17-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцжээ. Хууль, тогтоолын төслүүд нэг бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав,  Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, Н.Учрал нар асуулт асууж хариулт авлаа.

Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.