Оюунхорол.Д Хүрэлбаатар.Ч 2018.10.18 | Vip76.mn

2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ

2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,888.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.6 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 10,993.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар тус тус тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,105.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувийн алдагдалтай байхаар баталсан. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөв болон ирэх 2019 онд Засгаас газраас авч хэрэгжүүлэх Гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төсвийн орлого бүрдүүлэлтийн бүхий л боломжийг бүрэн дайчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцлийг бий болгожээ. Үүний дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий –5.4 хувьтай байхаар байна гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. 

Ту"с байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 10 сарын 17-ны өдөр хэлэлцэж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, М.Билэгт, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар асуулт асууж хариулт авлаа. 

Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.