Д.Тэрбишдагва 2018.10.18 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Гарцаагүй хийгдэх ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Нийгмийн шаардлагаар гарцаа байхгүй нийгмийн халамж авдаг хүмүүс бол болно. Гэхдээ хавтгайрсан халамжийн бодлогоо эргэн харах хэрэгтэй байна. ААН-ийн орлогын албан татварын хуулиа дахин сайн харах хэрэгтэй байна. Бид сүүлийн 30 жил их хэмжээний зээл, тусламж авсан ч олигтой том бүтээн байгуулалт хийгдээгүй байна. Гадны хөрөнгө оруулагчдын компанийн татварыг нилээд хөнгөлсөн төсөл болсон байна лээ. Энд гар хүрээд төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломж харагдаж байна лээ. Иргэдийн эрүүл мэндийн чиглэлийн ажилд хөрөнгө оруулалт маш тодорхой хийх хэрэгтэй байна. Гарцаагүй шаардлагатай олон жил дамнасан бүтээн байгуулалтыг ч мөн хийж дуусгах хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй байна.”