М.Билэгт 2018.10.18 | Vip76.mn

М.Билэгт: МАА өсөлтөөсөө борлуулалт нь хэд дахин хоцорчихоод, экологийн тэнцвэр алдагдчихаад байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой санал хэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа илэрхийллээ. 

Юм бол бид гадаадын зээл тусламжаар энэ бүтээн байгуулалтыг хийнэ гэж ярьдаг. Энэ валютаар орж ирж байгаа зээл, хойч үе минь төлөх мөнгө. Гэтэл  өнөөдөр орлогоо нэмэгдүүлэх дээр анхаарч, эргэж харахыг хүсэхгүй байна.

Бид өнгөрсөн 70-80 жил мал аж ахуйгаасаа төсвийн орлогоо бүрдүүлээд ажиллаж чадаж байсан. Хувийн хэвшил үүнийг хийх ёстой гэж байна. Тэд үүнийг хийх гээд хийх гээд дийлэхгүй байна. Гэтэл өнөөдөр МАА өсөлтөөсөө борлуулалт нь хэд дахин хоцорчхоод, экологийн тэнцвэр алдагдчихаад байна.

Тэгэхээр Монголын төр үндэсний баялгаа дэмжихгүй бол хувийн хэвшил дийлэхгүй. Өнөөдөр махны үйлдвэр барьж байна л гэж байна. Тэд гадаад руу экспортолж чадахгүй байгаа, сайндаа хятадын ченжүүд рүү л дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс төр бодлогоороо зохицуулах зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг 2019 оны төсөвт оруулж ирэх ёстой байсан юм. Хэлэлцүүлгийн явцад оруулах хэрэгтэй байна.