С.Эрдэнэ гишүүн Тусгай хяналтын дэд хороонд ханджээ
2010.11.23

С.Эрдэнэ гишүүн Тусгай хяналтын дэд хороонд ханджээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр өчигдөр болсон АН-ын бүлгийн хуралдаан дээр үүссэн маргааны талаар тайлбарлалаа.

С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ “Өнөөг хүртэлх хугацаанд би асуудалд хүлээцтэй хандаж ирсэн, тэвчээр барагдлаа. Өнөөдрийн хэвлэлүүдээр АН-ын бүлгийн хурал дээр намайг сандал, ширээ нүдэж, бараг Н.Алтанхуягийг зодсон мэтээр өрөөсгөл мэдээ цацагд сан байна.

Бодит байдал дээр, бүлгийн хуралдаанаар өчигдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх үед бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг би танилцуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Н.Батбаяр гишүүн хоёр маргасан.

Энэ үед намын дарга Н.Алтанхуяг орж ирсэн. Тэгээд Н.Батбаяр гишүүн бид хоёр руу гар занган “Та муу хоёрыг гаргуулна шүү” гэж зүхсэн. Ингээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Н.Алтанхуяг ширээ цохисон, юм шидсэн, орилсон.  Н.Алтанхуяг намайг алуурчин, гэмт хэрэгтэй хэмээн дуудсан. Би хэзээ ч хэнийг алж, нэр төрд нь халдаж, доромжлож яваагүй. Хэрэв тийм зүйл байгаа бол сэтгүүлчид та бүхэн ил гаргаж тавиарай. Би хэлэх гэсэн үгээ хаана ч хэлдэг, өөрийнхөөрөө л байдаг хүн. Энэ байдлыг минь ашиглаж, элдвээр хэлж, нэр төрд минь халдах боллоо” хэмээн хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр намын дарга Н.Алтанхуяг “Чи Н.Энхбаяртай 9 удаа уулзсан. Энэ хүнээс санхүүжилт авч намын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Тагнуулын ерөнхий газарт миний талын хүн байгаа шүү” гэж хэлсэн . Энэ нь ч хэвлэлүүдээр цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр өөрийнхөн УИХ-ын бүрэн эрхэд халдсан байж болзошгүй гэж үзэн үүнийг Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулж өгөхийг УИХ-ын даргаас хүсэн албан бичиг хүргүүлсэн байна.

С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ “Н.Алтанхуяг гэдэг хүн  миний эсрэг олон арга хэмжээг зохион байгуулсан. Зохион байгуулалтай хүмүүсийг өлсөглөн зарлуул Нийслэлийн намын даргын албан тушаалыг авсан, 6 жилийн ялаар яллуулж үзсэн, УИХ-д суулгахгүй байх гэж үзсэн. Энэ бүгдийн манай намын Дарга хийсэн. Одоо эцэст нь энэ хүн намайг тагнаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь халдах боллоо” гэсэн юм. Мөн тэрбээр өнөөдөр ч хэлмэгдүүлэлт дуусаагүй байна. Яагаад Н.Энхбаяртай уулзсан хүн ардын дайсан болдог юм. Харамсалтай нь би энэ хүний Ерөнхийлөгч байхад л хоёр удаа уулзаж байсан" гэлээ.

Ийн мэдээлэл хийсний дараа түүнээс сэтгүүлчид зарим зүйлийг түүнээс асууж тодруулсан юм.

-Н.Энхбаяртай уулзсан гэж Н.Алтанхуяг дарга хэлдэг нь таныг АН-ын гаднаас нь хагалах гээд байна хэмээн хардаж байх шиг байна?

-Тэгвэл би өнөөдөр Н.Алтанхуягийг өдөр бүр С.Баяр, С.Батболд нартай уулзаж байхад нь АН-ыг хагалах гэлээ гэх нь л дээ. Би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсаныхаа дараа Ерөнхийлөгч байхад нь Yндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн даргынхан хувиар хоёр удаа уулзаж байсан. Түүнээс хойш уулзаагүй.

-2009 оноос өмнө танай намын Алтангадас фракцыг Н.Энхбаярын талд ажилладаг мэтээр их ярьдаг байсан. Энэ тухай мэдэх үү?

-Мэднэ  ээ. Тэд Н.Энхбаяр ерөнхийлөгчийн өрөөний гадаа л сууж байдаг байсан шүү дээ.

-Өмнө нь М.Энхсайханыг ингэж  шахаж байгаад намаас  гаргаж байсан. Таныг ч байсан ингэж байх шиг байна. Бас Н.Энхбаяртай таныг холбодог нь энэ хүний эсрэг байдаг хүмүүсийг таны эсрэг турхирч байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Анх таван нам нэгдэж өнөөдрийн АН байгуулагдсан. Би тэр таван намын нэгнийхэн дарга байсан. Намайг АН-аас хөөж гаргах гэвэл тийм юм  байхгүй. Намын дотор ч, нийгэмд ч өнөөгийн АН-ын даргын нэр хүнд унасан байгаа. Би өөрийгөө буруу зүйл яриагүй гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.