Баттөмөр.Б 2018.10.18 | Vip76.mn

Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцлээ

Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа. 

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх хоёр жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулах зорилтыг дэвшүүлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарт дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляцийг 2018-2019 онд зорилтот түвшинд хадгалах боломжтой хэмээн тооцоолоод байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт өсч, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч бараа, үйлчилгээний импорт, тээвэр санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн төлбөр өсч улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал 2017 оноос нэмэгдэж байгаа гэв. 2018 оны эхний 8 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 400 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ бол 2017 оноос 213 сая ам.доллароор муудаад байгаа үзүүлэлт аж.

Төлбөрийн тэнцэл ийн муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд нөлөөлсөн гэж тодорхойлж байгаа аж. Үүний зэрэгцээ том гүрнүүдийн худалдааны бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй байна.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮҮ ӨСЧ, ХӨГЖИЖ БУЙ ЭДИЙН ЗАСГУУД РУУ ЧИГЛЭСЭН ВАЛЮТЫН УРСГАЛ ТАТАРЧ ЭХЭЛСЭН.

Энэ байдал нь дэлхий нийтийн валютууд болон зарим төрлийн эрдэс, бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулархад нөлөөлсөн байна. 170 улс орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ. Ханшийн сулралт нь улс орнуудын нийтлэг хүндрэл болж буйг тоон үзүүлэлт харуулж байгаа аж.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 18-нд хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Аюурсайхан, С.Чинзориг, О.Батнасан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Д.Эрдэнэбат нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцосн гишүүдийн 88.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.