Тавантолгойн асуудлаар асуулга тавилаа
2010.12.29

Тавантолгойн асуудлаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нар Тавантолгойн ордын талаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьжээ. Асуултыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА

Ашигт малтмалын тухай хууль,тогтоомжийн зарим заалтын хэрэгжилтийн талаар


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна.

 

Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Тавантолгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ.

 

2010 оны хаврын чуулганаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тавантолгойн ордыг ашиглах талаархи танилцуулгад уг ордыг Цанхийн 1,2-р талбай, Бор толгой, Зүүн хэсэг гэж дөрөв хуваагаад тав дахь буюу 500 орчим сая.тонн нүүрсний нөөцтэй нийт талбайн 4 орчим хувийг эзлэх, Тавантолгойн коксжих нүүрсний нөөцийн тавны нэг болох Ухаа худгийн талбайг орхигдуулан Улсын Их Хуралд танилцуулсан байна.

 

Энэ нь 2008 оны 3 дугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” ХХК-тай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-нд байгуулж, энэ гэрээгээр Ухаа худаг-11952А тусгай зөвшөөрөл бүхий 2962 га талбайг “Энержи ресурс” ХХК-д үлдээхээр тус тус тохиролцсонтой шууд холбоотой байхаар ойлгогдож байна.

 

Засгийн газрын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 60.4-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй”, 26.9-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 9.1.5-ын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймээс хууль зөрчсөн байж болох дээрх асуудалтай холбогдуулж Засгийн газрын байр суурийг тодруулахаар Танд хандаж байна. Үүнд:

 

1. Одоогоор мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 08 дугаар сарын 25-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл Геологи, уул уурхайн кадастрын албанаас 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Энержи ресурс” ХХК-ийн Тавантолгойн ордын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож олгосон байна. Энэ үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 8.1, 8.2 дахь заалтын дагуу Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/6 тоот шийдвэр /хавсралт 1/-ээр тус аймгийн Цогтцэций сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд, түүний орчмын 184.6 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргаж, өмнөх талбайг 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын алба нь “лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан”-ыг хэрхэн үзэж байгаа талаар;

 

2. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Тавантолгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Иймд Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалтын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг баримталж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулах ёстой атал зөвхөн Засгийн газрын шийдвэрээр гэрээ байгуулж шилжүүлсэн нь хуульт ёсонд нийцэхгүй байна.

 

3. Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг хувийн хэвшлийн компанид шилжүүлсэн тухай Засгийн газар тайлбарлахдаа, Ашигт малтмалын тухай хуулийн “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглабал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн 5.4 дэх заалт болон бусад хуулийн холбогдох заалтыг баримталсан тухай дурджээ. Гэтэл энэ ордыг дээрх компани эрсдэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоогоогүй бөгөөд ямар нэг байдлаар хайгуулын лицензийг авсан нь тодорхой. Нөгөө талаас хуулийн “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглабал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох...” гэсэн заалт нь ямар нэг эдийн засгийн тооцоогүй, уралдаант шалгаруулалтгүйгээр стратегийн ордын тодорхой хэсгийг аль нэг компанид тасдаж олгоно гэсэн ойлголт биш гэж үзэж байна. Албан ёсны мэдээллээс харахад “Энержи ресурс” ХХК нь 1999 оноос эхлэн 2008 оныг хүртэл лицензийн төлбөрт 851.8 мянган ам.доллар төлсөн байна. Гэвч энэ компанийн ашиглалтын лиценз эзэмшиж байгаа Ухаа худгийн ордын 500 сая.тн орчим нөөцийн цэвэр ашиг 4-5 тэрбум.ам.долларт хүрэхээр байна. Ийм ашигтай гэдгийг саяхан олон улсын хөрөнгийн бирж дээр энэ компани IPO хийж баталсан. Засгийн газрын хувийн компанид багаар тооцоход 4000 дахин ашигтай байхаар хийсэн энэ наймаа нь Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид хир нийцэж байгаа талаар;

 

4. “Энержи ресурс” ХХК нь 2006 онд анх Таван толгойн орд газрын ашиглалтын лиценз авахдаа “Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бvхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хvсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн єргєдлийг бvртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчсөнийг Үндэсний аудитын газар 2007 онд шалгаж баталсан тухай “Зууны мэдээ” сонины 2008 оны 01 сарын 14-ний дугаарт бичигдсэн мэдээлэл үндэслэлтэй эсэх талаар;

 

5. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдож Улсын Их Хурлын 2007 оны 02-р сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан ордуудын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь шударга ёсыг баримтлаваас 100 хувь төрийн мэдэлд ирэх ёстой билээ. Иймд стратегийн ордод хамрагдсан 7 \Эрдэнэт, Багануур, Шивээ Овоо, Тавантолгой, Оюутолгой, тогтвортой байдлын гэрээ байгуулагдсан Бороо, Нарийн сухайт, Төмөртэйн овооны цайрын ордоос бусад\ ордын тусгай зөвшөөрлийн эзэмшлийн өнөөгийн байдлын талаар; Улмаар эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулж Ашигт малтмалын тухай хуулийн 60.4, 26.9, 9.1.5, 5.4-ийг баримталж Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын явцын талаар;

 

6. Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжийн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх” гэсэн 2/а/ дахь заалтыг хэрхэн хэрэгжүүлж эхэлж байгаа талаар, тодруулбал; нэг иргэнд хэдэн ширхэг хувьцааг ямар байдлаар олгох, хэзээ олгож эхлэх, хэзээ дуусгах зэрэг бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү.

 

Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33.3, 33.4 дүгээрт заасны дагуу ирүүлж улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

 

Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД

С. ЭРДЭНЭ

Д.ГАНХУЯГ

Ц.ШИНЭБАЯР

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.