Ц.Байгалмаа: Нийслэлийн ирэх оны төсөвт хотыг “хаясан”
2018.10.19

Ц.Байгалмаа: Нийслэлийн ирэх оны төсөвт хотыг “хаясан”

Нийслэлийн ирэх оны төсвийн асуудлаар НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

Ирэх оны нийслэлийн төсөв НИТХ-аар хэлэлцэгдэж байгаа. Та төсвийн төсөлтэй танилцаж амжсан уу?

-Хотын дарга С.Батболд НИТХ-ын Төлөөлөгчдөд өнгөрсөн долоо хоногт танилцуулга хийсэн.  2019 оны нийслэлийн төсөвт хотод төсөвлөсөн хөрөнгө оруулалтын дүн маш багассан.

Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтыг  зарцуулах бодлого алдагдсаныг харуулж байгаа юм. Уг нь нийслэлд он дамжсан төслүүд үргэлжилсээр л байгаа. Нийслэлд хуваарилагдсан мөнгөн дүнг  хүн амын тоотой харьцуулж, эдийн засгийн үр өгөөжөө харсан ч бага төсөвлөгдлөө гэж дүгнэж байна. Хотын орлогын эх үүсвэрийн 70 орчим хувь нь Хүн ам орлогын албан татвараас бүрддэг..

Улаанбаатар хотод хүн амын 46 хувь нь төвлөрч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь нь нийслэлд үйлдвэрлэгддэг. Нийт цэцэрлэг сургуулийн 31 хувь нь  нийслэлд бий.

Хүн амын тал хүрэхгүй хувь нь хөдөө орон нутагт байхад тэнд нэмж цэцэрлэг, сургууль барина гэдэг нэг талаараа буруу. Үүнийг нийслэлээс сонгогдсон Төлөөлөгчийн хувьд  төсвийн төвлөрсөн татварын орлогыг үр өгөөжгүй зарцуулж байна гэж хардаг. Орон нутагт ашиглалтад оруулсан цэцэрлэг, сургуулийн урсгал зардал нь өндөр. Төвийн дэд бүтцэд холбогдоогүй учир сургуулиуд дулаанаа уурын зуухаар шийддэг.  Үүнийгээ дагаад дизель түлшний зардал нь хүртэл төсөвт суутгагддаг. 2019 оны төсөв хотыг хаясан төсвийн хуваарилалт болсон.

-Ойролцоогоор нэг төлөөлөгчдөд хэдэн төгрөг төсөвт  суутгагдсан бэ?

-Нэг тойргоос сонгогдсон гишүүний санал дээр үндэслээд саналыг нь авдаг. Гэтэл энэ дунд нь  өгөөжгүй төсөл байж болно. Жишээ нь  хөдөө орон нутагт гэхэд  бараг шаардлагагүй газар сургууль, цэцэрлэг, зам харгуй барих зэрэг зүйлд таван тэрбумаа зарцуулдаг.

Гэтэл сургууль, цэцэрлэг зөвхөн баригдаад болчихдог объект биш. Ашиглалтад ороод маш их урсгал зардал шаардагддаг. НИТХ-ын төлөөлөгчдөд таван тэрбумаар тооцож үзэхэд нийт 140 тэрбум төгрөг. Үүнийг нийслэлд зарцуулахад маш бага. Дийлэнх хувийг нь урсгал зардал эзэлдэг.

-Ирэх жил  нийслэл улсын төсөвт хэчнээн  төгрөгийг  төвлөрүүлэх вэ?

-Өнгөрсөн онд эдийн засгийн үзүүлэлт өссөнтэй уялдуулан эерэг дүн гарсан. Төвийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн нь 151 тэрбум байсан бол 2018 онд 208 тэрбум төвлөрүүлэх үүрэг хүлээгээд ажиллаж байна. 2019 онд улсын төсөвт 289 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн.

2016 оноос гурван том хуульд өөрчлөлт орсон. Төсвийн тухай хууль, Концессын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд тус тус өөрчлөлт орсон. Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлт маш чухал. Энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу орон нутгийн  Засаг захиргааны нэгж нь төсвийн тухай орлого, зарлагын балансаас үндсэн тэнцлийн ашиг гэж гардаг. Ашигтай гарсан тохиолдолд орон нутаг нь  тодорхой хувийг нь авч, үлдсэнийг нь дээд шатны буюу төвийн төсөвт төвлөрүүлэхийг нь шийддэг.

Нийслэлийн хувьд 2016  онд 70 хувь, 2017 онд 60 хувь, энэ онд ердөө  40 хувийг авч үлдэхээр байгаа юм.  Орон нутагт үлдсэн энэ мөнгө нь бүтээн байгуулалтад зарцуулагддаг гэсэн үг.

2016 оноос өмнө концессын гэрээ байгуулахыг орон нутагт зөвшөөрдөг байсан. Засгийн газрын хуралдаанаар хоёр хуульд өөрчлөлт оруулж, нийслэл бонд гаргахыг хориглосноор бие дааж концессын гэрээ байгуулахыг хориглосон.

Тэгэхлээр бид иргэдийн хүлээгээд байгаа том том бүтээн байгуулалтуудыг ямар мөнгөөрөө хийх вэ гэсэн асуудалтай тулгарч байгаа юм.  Энэ жил Улаанбаатар хотын нийт орлого 828 тэрбум төгрөг. Үүнээс 620 нь урсгал зардалд,  174 нь хөрөнгө оруулалтад зарцуулагдаж байна.

Эдийн засаг үнийн дүнгээр нийт орлогын хэмжээ нь өссөн. Гэтэл хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгө нь Сангийн яамны бодлогоор багасгаж, татвараас цугласан мөнгийг үр өгөөжтэй зарцуулж чадахгүй байна. Иргэд ажлын байр бий болгохыг шаарддаг. Үүний тулд бид бүтээн байгуулалт хийх ёстой.

Нийслэлд хүлээгдэж байгаа бүтээн байгуулалт зөндөө бий. Энэ бүтээн байгуулалтын төсөв хөрөнгө хэрхэн шийдэгдэх вэ?

-Зураг төсөл нь хийгдсэн Эмээлтийн “Аж үйлдвэрийн парк”, Налайх дахь  “Аж үйлдвэрийн парк”, “Авто худалдааны цогцолбор” зэргийг нэрлэж болно. “Авто худалдааны цогцолборт” 130 га газарт 190 тэрбумын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөн.

Улаанбаатар хот хөрөнгөө барьцаалж гаднаас хөрөнгө оруулагч авах боломжгүй болсон. Компанийн хуулийн дагуу явахаас өөр арга байхгүй. Эмээлтэд “Аж үйлдвэрийн парк”-ыг барих, ашиглах, шилжүүлэх болзолтойгоор концесс ашиглах шийдвэр 2018 оны гуравдугаар сарын эхээр гарсан. Жагсаалтаар оруулах гэтэл Сангийн яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон.

Тус яамнаас ашигтай эсэхийг лавлахын тулд  цаг хугацаа алддаг. Үүнээс болж концессоо зарлаж чадахгүй гэх мэт хууль эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотод Концессын хуулийг Өрийн тухай хуулиараа хүлчихсэн. Гэтэл татварын орлогоос жилээс жилд бүтээн байгуулалтын мөнгийг нь танаж байна. Өнгөрсөн хавар Улаанбаатар хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д  өргөн барьсан. Энэ хууль батлагдвал нийслэл үнэт цаас гаргах, газрын бирж байгуулах гэх мэт концессыг бие даан гаргах боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 26 сургууль, 28 цэцэрлэгийн барилгын ажил он дамжих төлөвлөлттэй эхэлж байна. Гэвч Газрын хуулийг 2013 онд хэрэгжүүлснээс хойш замбараагүй газар олгосны уршгаар нийгмийн байгууламж барих газаргүй хувь хүний өмч болсон тул буцаан худалдаж авах хэрэгтэй болдог.

Буцаан худалдан авахад  25 тэрбум шаардлагатай байна гэсэн төсвийн төсөөллийг Сангийн яамд өгсөн байдаг.  Уг асуудал шийдэгдэх үгүй эсэх нь тодорхойгүй байгаа. Гэтэл уг шаардлагатай хөрөнгийг үл хөдлөх эсвэл газрын татвараас төвлөрүүлэх нөхцөл үүсч магадгүй. Өөрөөр хэлбэл  Барилга хот байгуулалтын яамны тушаалаар энэ  оны зургадугаар сард хотын стандарт бүсчлэлийг шинэчилсэн.

Ингэхдээ өндөр үнийн дүнгээр тодорхойлсон. Манайх шиг дэд бүтцээ шийдээгүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр томоохон өөрчлөлт хийх нь маш тооцоололгүй юм.