Батзориг.Б 2018.10.19 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Бүсчилсэн хэлбэрээр 4 үйлдвэр шинээр байгуулж махны экспортыг 50 мянган тоонид хүргэнэ

Бүсчилсэн хэлбэрээр 4 үйлдвэр шинээр байгуулж махны экспортыг 50 мянган тоонид хүргэнэ

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний загвар, холбогдох шийдвэрийн төсөл, эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-170 дугаар тушаалаар байгууллаа.

Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой ажлын хэсгийн даргаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, дэд даргаар тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ажиллаж байна.

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх арга хэмжээг олон талын оролцоог хангасан, эргэх холбоотой, цогц байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд,

- Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа              эсэхэд хяналт тавьж, баталгаажуулна.

- Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлнэ.

- Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг зохион байгуулна.

Нэг үгээр түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, хяналт, аюулгүй байдлыг хангах юм. Уг арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах үүднээс Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, мал төхөөрөх үйлдвэр, томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдийг татан оролцуулж байгаа юм. 

Ийнхүү түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ хэрэгжүүлснээр мах бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, махны боловсруулах салбарыг хөгжүүлэх улмаар хүн амын хүнсний хэрэгцээнд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг нийлүүлэх Засгийн газрын зорилт тодорхой хэмжээнд биеллээ олж, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай зэрэг хуулийн холбогдох заалт хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Улмаар цаашид мах бэлтгэлийн тогтолцоо сайжирч, Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлагад нийцсэн махыг хэрэглэгчдийн гарт тогтмол хүргэх боломж бололцоо бүрдэж, хэрэглэгчдэд ч үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг хэрэглэж хэвшинэ гэсэн хүлээлттэй байна.