Сөрөг - “Эрдэнэс Тавантолгой”-н хойрго байдал иргэдийг үхэлд хүргэх үү
2018.10.22

Сөрөг - “Эрдэнэс Тавантолгой”-н хойрго байдал иргэдийг үхэлд хүргэх үү

Амьд явах эрх буюу 20 тэрбумын эрэлд

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.13.1-д “Монгол Улсын иргэн амьд явах эрхийг  баталгаатай эдэлнэ” хэмээн заажээ. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн заалт эцэг хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлэгт бий. Тэгвэл Монгол Улсын хэсэг бүлэг иргэний амьд явах эрх зөрчигдөж, бүр НОЦТОЙ гэсэн үнэлгээг авчээ. Амьд байх эсэх нь эргэлзээтэй болсон энэ хэсэг бүлэг хүн бол Тавантолгойн бүлэг ордын эргэн тойронд амьдарч буй өмнөговьчууд болон уурхайнуудад ажиллаж буй хүмүүс. 

Тэнд ажиллаж, амьдарч буй хүмүүсийн хүний эрхийн зөрчлийн хамгийн эхэнд иргэний амьд явах эрх бичигджээ. Энэ эрх алдагдаж, ноцтой байдалд хүрсэн гэдгийг ХЭҮК-ын захиалгаар Бодлого Инновацийн хүрээлэнгийн хийсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын судалгаа”-ны үр дүн харуулна. Дараа нь хөдөлмөрлөх шударга нөхцөлөөр хангуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх эрэмблэгдэж, НОЦТОЙ хэмжээнд хүрчээ. 

Ийм үр дүнг харуулсан судалгааны тайланг өчигдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд танилцууллаа. Судалгааны үр дүн танилцуулах хуралд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд боллоо. Хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ЭМЯ, УУХҮЯ-ны албан тушаалтан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар,  Засаг дарга Н.Наранбаатар, Цогтцэций сумын Засаг дарга... болон Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, орон нутгийн Тавантолгой ХК-ийн төлөөлөл оролцлоо. 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Байгалийн баялаг, өгөөжөөрөө тэр нутгийн ард түмэн баярлаж, бахархах ёстой. Гэтэл сүүлийн үед харамсах байдал бий болж байна. Өмнөговь аймагт, Цогтцэций суманд сайн сайхан зүйл бий боллоо. Гэхдээ хүний эрхийг ярих ёстой. Хүний эрх бол тухайн хүний нийгэмд амьдрах боломж, нөхцөлийг хэлдэг. Энэ боломж нөхцөлийг төр бүрдүүлдэг. 

Ганцхан жишээ хэлье. Эрдэнэс Тавантолгой компани агаарын бохирдлын төлбөрт 10 тэрбум төгрөг өгсөн байна. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг Цогтцэций сум, Өмнөговь аймагт үлдэхгүй. Агаар бохирдуулсныхаа төлөө төлж байгаа шүү дээ. Үүнийг бид очиж хөөцөлдөнө” хэмээн хариуцлага нэхлээ.

Мөн энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Агаарын бохирдлын төлбөрт нэг тонн нүүрснээс 1000 төгрөг авдаг. Жилдээ 25 сая тонн нүүрс олборлодог гэж үзвэл 25 тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг улсын төсөв рүү, Улаанбаатар хот руу татаж авдаг. Уг нь энэ мөнгийг эндээ иргэдэд зарцуулагдах ёстой. Энэ мэтчилэн бидэнд ярих асуудал олон байгаа” хэмээн хэлэв.

“Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын судалгаа”-нд хамрагдсан Өгөөмөр болон Цагаан Овоо багийн иргэдийн 82 хувь нь агаарын бохирдол, тоосжилт хамгийн ихээр тулгамдаж, эрүүл мэнд, амьдрах эрхэд шууд нөлөөлсөн асуудал хэмээн нэрлэжээ. Уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж, сүүлийн таван жилд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгааг Цогтцэций сумын эмч хэлж байна. Судалгаанаас харвал Цогтцэций суманд оношлогдсон өвчний 49.3 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна. 2006 онд 32 хувьтай байсан энэ өвчлөл 2014 онд 55.7 хувь болон нэмэгджээ. 

Гэтэл бохирдсон агаар нь Өмнөговь аймагт, өвдсөн хүн нь Цогтцэций суманд байхад төлбөр мөнгө нь Улаанбаатар руу “урсдаг”. Агаарын бохирдлын төлбөр болох 20 гаруй тэрбумаас нэг ч төгрөг эрүүл мэндээрээ хохирч байгаа говийнхонд зориулагддаггүй. Хуулийн гажуудал л гэж үүнийг хэлэх биз.

Дээр нь уул уурхайн компаниуд тоосжилтыг бууруулах дорвитой санаачилга, том ажил хийхгүй байгааг судалгаанд дурджээ. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой болон Тавантолгой ХК нь тоосжилтын хэмжилтийг хийдэг үндэсний стандартад нийцэхгүй байна. Тодорхой 1-2 цэгийн үзүүлэлтээр хагас дутуу гаргадаг. Харин Энержи Ресурс ХХК иргэдийн оролцоотойгоор олон цэгт тоосжилтийг хэмждэг гэдгийг ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл судалгааны тайланг танилцуулахдаа дурдлаа. Энэ тухай Энержи Ресурс ХХК-ийн Захиргааны албаны дарга Г.Ганболд “Манай компани тоосжилтыг бууруулах ажлын хэсэг ажилладаг. Хэд хэдэн газар тоосжилт хэмжих цэгтэй. 24 цагийн бичлэгтэй MP10 тоосыг хэмжих багаж захиалсан байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

“Эрдэнэс Тавантолгой”-н хойрго байдал иргэдийг үхэлд хүргэх үү

Тавантолгойн нүүрс тээврийн зам байрлах Цагаан хад сууринг хаягдсан, орхигдсон, гамшиг нүүрлэсэн газар хэмээн нэрлэдэг. Гэвч бодит байдал дээр Цагаан хад бус Цогтцэций сумын Цагаан Овоо багт гамшиг нүүрлээд буйг судалгааны баг болон нутгийн иргэд хэлж байна.

Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайн хөрсний овоолго Цагаан Овоо багаас нэг км-ын зайд дөхөж иржээ. Уурхайтай хаяа нийлсэн энэ байдал ундны ус, тоосжилт, дуу чимээтэй яриад ч хэрэггүй. Гол асуудал нь уурхайн тэсэлгээ иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж буй аж. Энэ тухай Цагаан Овоо багийн иргэн Г.Лхагваа “Буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис байхгүй ч чимээгүй хор хөнөөл дунд бид амьдарч байна. Тахал шиг өдөр өдрөөр шимж байна. Бид ямар тоос идэж, ямар тортгоор амьсгалж байгааг очсон хүн мэднэ.

Өглөө босоол найтаасан, нусаа нийсэн, нулимсан хүмүүс явж байна. Хүүхдийн гар хөлний хумс унадаг. Тоосноос болж дархлаа суларч, хүмүүсийн биеийн байдал сайнгүй байна. Учиргүй үхэж үрэгдээд эхэлсэн юм алга. Гэвч өнөө маргаашгүй Цагаан Овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрүүл аюулгүй орчинд аваачих асуудлыг холбогдох яам, байгууллага яаралтай шийдэж өгөөч. Үүнийг шийдвэл олон хүний эрүүл амьдрах хуулиар олгогдсон эрх хангагдана.

Уурхайд тэсэлгээ хийхэд цагаан байруудын тааж нурж байна. Ойрмогхон хоёр байрны тааз нурлаа. Биеийн тамирын заалны хананд цууралт үүссэн. Өрөвдүүлэх биш байгаа нөхцөл байдал ийм. Үүнийг очиж үзсэн хүн ойлгоно. Очиж үзээд тоосыг нь идээд, тортгоор нь амьсгалвал энд хүн амьдрахад хэцүү гэдгийг мэднэ” хэмээн ярилаа.

Цагаан Овоо багт 200 гаруй өрхийн 700 орчим хүн амьдардаг. Тэдний 50 гаруй хувь нь архаг болон уушгины бронхиттой аж. Дээр нь хүүхдийн хумс унадаг...

Энэ зүгээр сонсоод өнгөрөх асуудал биш. Яагаад ийм гамшгийн хэмжээнд хүртэл нь дүлий оргиж, чимээгүй байв. Нүүлгэн шилжүүлэлтийг Эрдэнэс Тавантолгой компани хийх ёстойг Цогтцэций сумын удирдлага хэлж байна. Гэрээний дагуу тус уурхай нөлөөллийн бүсдээ тулгарсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Цогтцэций сумын зүгээс нүүлгэн шилжүүлэх газрыг нь шийдэж өгсөөр байхад энэ ажилд Эрдэнэс Тавантолгой компани хойрго хандсаар буй аж. Өнөөдөр хэн нэгэн хүүхдийн хумс унаж, нөгөө нэг хүний уушги өвчилж. Тэгвэл маргааш өөр нэг хүн амь насаараа хохирвол Эрдэнэс Тавантолгой компани хариуцлага хүлээх үү?!

Цагдаагийн авлига жолооч нарыг зовоож байна

Малчин, тээврийн жолооч, хөдөлгөөнт хүн ам, нийгмийн үйлчилгээний чанар гэсэн дөрвөн чиглэлд төвлөрсөн энэ судалгааны онцлох бас нэгэн бүлэг нь ЖОЛООЧ. Тавантолгойн нүүрс тээвэрт 7000 жолооч ажиллахад хангалттай үзүүлж гэнэ. Гэтэл өнөөдөр 11 000 жолооч ажиллаж, амьдрахын төлөө “алалцаж” байна. Тэдний нэрлэснээр хамгийн хэцүү асуудал нь урт дараалал. Зам дээр 120 км урт цуваа үүсгэн, машиныхаа кабинд хонож өнжих нь жолооч нарын том зовлон гэдгийг судалгаанд оролцогчид онцолсон байна. Дараа нь замын эвдрэл, амьдрах ажиллах орчин нөхцөл, цагдаагийн сөрөг харилцаа, авлигыг жолооч нар нэн тэргүүний тулгамдсан асуудлаар нэрлэжээ.

Гашуунсухайтыг чиглэсэн нүүрс тээврийн замд сар бүр нэг  хүний амь эрсэддэг судалгаа байна. 2016-2017 оны судалгаанаас харахад жилд 150 орчим зам тээврийн осол гарч, 10 орчим хүн амь насаа алдаж, олон арван хүн бэртдэг аж. Дундажаар өдөрт 4-5, сард 125 осол гарч, сард нэг хүний амь нас эрсэддэг. 2010-2018 онд Гашуунсухайтыг чиглэсэн нүүрс тээврийн замд ослын улмаас 50 гаруй хүний алтан амь үрэгдсэн тооцоо байна.

Жолооч нарт тулгардаг дараагийн асуудал нь хөдөлмөрлөх нөхцөл. Хөдөлмөрийн гэрээнээс эхлээд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, эд хөрөнгө, амь насны даатгалыг төлж, ажилчдынхаа амь насыг хариуцаж, хууль хэрэгжүүлдэг байгууллага бараг алга гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ. Энержи Ресурс ХХК нүүрс тээвэрлэлтээ өөрөө хийдэг. Өөрөөр хэлбэл тэдний уурхайн нүүрсийг тээвэрлэдэг жолооч нар тухайн компанийн үндсэн ажилчид. Тиймээс компани өөрийн 400 орчим жолоочийнхоо эрүүл мэнд, нийгмийн даатгалаас эхлээд хуулинд заасан бүхнийг хариуцдаг. Харин хажууханд нь байгаа төрийн мэдлийн Эрдэнэс Тавантолгой ХК нүүрс зарахаас өөрийг мэдэхгүй. Тээврийн компаниудтай гэрээ хийж, нүүрсээ тээвэрлүүлдэг Эрдэнэс Тавантолгой ХК-д жолооч аваар осол гаргах цаашлаад эрүүл мэндээрээ хохирох нь ямар ч хамаагүй асуудал гэнэ. Жолооч нарын хариуцлагагүй байдал, замын осол ч үүнтэй холбоотой гэдгийг Өмнөговь аймгийн удирдлагууд хэлж байна.

Монгол Улс стратегийн 15 ордтой. Үүний гурав нь Өмнөговь аймагт оршдог бөгөөд нэг нь Тавантолгойн бүлэг орд. Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа явуулдаг орд газрыг зөвхөн ДОЛЛАР гэж харахгүй байхыг хүний эрхийн судалгаа харууллаа. Товчхондоо энэ бүс нутагт хүний эрхийн асуудал гамшгийн хэмжээнд хүрчээ. Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх огтхон ч хангагдахгүй, бүр эргэж сэргэх боломжгүй түвшинд хүрч буйг хүний  эрхийн судлаачид онцолж байна. Хүнээ анхаарах уу, нүүрсээ бодох уу?!

В.Бат