ХХААХҮЯ, БОХХАА-н байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018.10.22

ХХААХҮЯ, БОХХАА-н байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Байгаль орчин,  хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны  гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын Газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүдийг ажиллуулах, намрын ургац хураалтын явцтай газар дээр нь танилцах  хүсэлт тавьсны дагуу БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очирын удирдамжаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны  гишүүд, ажлын албаны ажилтнууд болон ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг  намрын ургац хураалтын явцтай танилцан орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг БОХХААБХ-ны гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Н.Наранцогт, С.Эрдэнэчимэг,  референт Г.Алтанцэцэг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, тус яамны газар, хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллалаа.

Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор "Монгол мал" үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад оруулсан.

Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гээд Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Тус төвийн генийн санд 4 үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, 8 үүлдрийн бухны 37086 тун нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил түгээдэг байна. 

УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг урт хугацаанд үр ашигтай байлгахын тулд үйл ажиллагааны төлөвлөлтийг маш сайн хийж, хууль эрхзүйн хувьд илүү тодорхой тогтвортой байлгах ёстойг анхаарах хэрэгтэй. Тодорхой саналуудаа яаралтай оруулж ирвэл байнгын хорооны гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны гишүүн Ж.Энхбаяр, Засгийн газар зорилтуудаа маш тодорхой болгосны үр дүнд бодлогын томоохон алхмуудаа зоригтой хийж байгаагийн нэг жишээ бол энэ цогцолбор.

Дэлхий биднээс шинжлэх ухаанчаар хөгжихийг шаардаж байгаа энэ үед маш хүнд нөхцөлд байгаа малын удамзүй, үйлдвэр угсааны асуудал дээр оройтсон ч гэсэн шийдвэр гаргаж ажил эхэлж байгаа нь сайн хэдий ч хурдтай ажиллаж, хуулийн зохицуулалтаа урт хугацаанд хэрэгжих бодлого болгож хийх ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготой.

Орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лабораториуд, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн шугам зэрэг 14 объектоос бүрдэж байгааг танилцуулаад цаашид мал аж ахуйн салбарт бодлогын зоригтой алхмууд хийхээр төлөвлөж зорьж байгаагаа хэлж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж байхыг байнгын хорооны бүрэлдэхүүнээс хүслээ.