Ундраа.А 2018.10.22 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар 73 дугаар сургууль цахим номын сантай боллоо

УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар 73 дугаар сургууль цахим номын сантай боллоо

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Баянгол дүүргийн тэргүүний математик, англи хэл, чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургуульд орчин үеийн стандартад нийцсэн цахим номын санг байгууллаа.

Тус номын сангийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, “Тагтаа паблишинг” компанийн утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням, “Гэрэг” сэтгүүлийн редактор Ж.Хулан болон багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

УИХ-ны гишүүн А.Ундраа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Номоор дамжуулан хүний хүрч болшгүй газар гэж үгүй. Ном биднийг гэрээсээ гарахгүйгээр өөрсдийн амьдардаг болон "амьдардаггүй" зөвхөн төсөөлөлд байдаг тэр гайхамшигт дэлхий ертөнцөөр аялах боломжийг олгодог. Энэ номын сангийн дэргэд “Тагтаа” хүүхдийн номын клуб байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

“Волвес” ХХК-ийн зохион бүтээсэн цахим каталогийн гурван жилийн эрхийг худалдан авч, суулгасан. Нас насны хүүхдийн онцлогт тохирсон сандал, ширээ, тавиуруудыг суурилуулж, тав тухтай орчныг бүрдүүлэхийг хичээж ажиллалаа. Олон сайхан оюунлаг хүмүүс номын хандив ирүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” хэмээгээд сурагчдад сурлагын амжилт хүслээ. 

Энэхүү номын сангаар зөвхөн 73 дугаар сургуулийн 1327 сурагч үйлчлүүлээд зогсохгүй бусад сургуулийн сурагчид ч үйлчлүүлэх боломжтой. Цахим номын программыг ашиглаж байгаа тул хүүхдүүд гар утсаараа дамжуулан номын сангийн каталогийг шүүж, хүссэн номоо цаг алдалгүй авч унших нөхцлийг бүрдүүлсэн. Номын сангаар хамгийн багадаа танхимаар нэгэн зэрэг 60 гаруй хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай. Улсын төв номын сантай хамтран ажиллаж байгаа. Улсын хэмжээнд цахим номын сантай болсон хоёр дахь сургууль боллоо гэдгийг сургуулийн захирал Б.Бөхзориг танилцуулсан.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “УИХ-ын гишүүд дотроос тойргийнхоо сургуульд номын сан байгуулж, ирээдүйн эздийг номын нөхөр болгох үйлсийг эхлүүлсэн нь цөөхөн гэж бодож байна. Анги танхимыг зүгээр тохижуулаад орхилгүй, номын клуб байгуулж, идэвхжүүлэх ажлыг хүртэл хийж байгаад УИХ-ын гишүүн А.Ундраа болон сургуулийн хамт олон, хамтран ажиллаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье” гээд өөрийн уран бүтээлийн дээжээс бэлэг барив. Мөн тэрээр сурагчдад зориулан  “Битгий урваарай” шүлгээ уншсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа өөрийн бичсэн “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” номын дээжээс бэлэглэлээ. Тэрбээр, “Дэлхийн энтэй боловсролыг эзэмшихэд ном хамгийн чухал юм. Энэ номын санг байгуулснаараа хүүхдүүд Та бүхний оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна. УИХ-ын гишүүн А.Ундраа бол Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан. Миний багш байсан хүн. Эрдэм боловсролтой, зөв хүн болон төлөвшихөд ном замчилна. Номын нөхөр байж ирээдүйгээ гэрэлтүүлээрэй” хэмээн ерөөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.